“Монголын Дизайнерүүдийн Холбоо”, “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Ц.Энхжинг сэтгүүлийнхээ зочноор урьж ярилцахаар “Golden Vill” хотхоныг зорив. ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Silk Road” олон улсын загварын фестивальд Гранпри, өнгөрсөн зун TV9 телевизээс зохион байгуулсан “ “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн оргилд” тэмцээний “Олны таашаалт мисс”, БНХАУ-д зохион байгуулагдсан “Miss friendship international-2010” тэмцээний дэд байрын шагнал хүртсэн гээд өгүүлээд байвал түүний гоо сайхны ертөнцөд хөл тавьсан цагаасаа амжилт гаргасан баярт мөч цөөнгүй. Биднийг гэрт нь зочлоход Ц.Энхжин амралтынхаа өдрөөр халуун ам бүлээрээ ширээ тойрч суугаад, үдийн хоолоо зооглож байв. Ням гаригт энэ айлын эзэгтэй T.Оюунчимэг нөхөр, хүүхдүүдээ гараа гаргаж хийсэн амттай хоолоороо дайлах дуртай юм билээ. Өдгөө 17 настай гэхэд ухаалаг, хэрсүү нэгэн байв. Түүнтэй яриа өрнүүлж суухдаа аз жаргалтай гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг амьдарч буй орчноос нь мэдэрсэн юм.
-Амралтын өдрөөр танайхыг зорьж ирлээ. Ням гаригийг гэр бүлийнхэнтэйгээ хэр үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ?
-Манайх амралтын өдрийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Хотоос зайдуу салхинд гарч, цэвэр агаар амьсгална. Миний хувьд бямба гаригт найзуудтайгаа уулзаж, бассейнд сэлэх дуртай. Аав, ээжийн ах дүүс хоорондоо их эвсэг. Амралтынхаа өдрөөр хааяа хамаатан садныхаа ах дүүсийнхээр гэр бүлээрээ зочилдог. Биднийг амарсан өдөр ээж хамгийн дуртай хоолоороо дайлах дуртай. Хуушуур, буузанд нь бол манайхан “нугасгүй”. Ээж минь монгол хоолноос гадна солонгос хоолыг тун чадварлаг хийнэ шүү.
-Маргааш даваа гариг. Хичээлийнхээ бэлтгэл хангах гээд та завгүй суугаа харагдах юм?
-Тийм ээ. Би ШУТИС-д үйлдвэр технологи дизайны ангид суралцдаг. Интерьер дизайн чиглэлээр мэргэжил эзэмшихийг хүүхэд байхаасаа мөрөөддөг байлаа. Ирээдүйдээ энэ чиглэлээр хувийн компани байгуулж, үйл ажиллагаа явуулахыг хүсдэг. Маргааш хичээлтэй учир хичээлийнхээ даалгавруудыг хийж дуусгах гээд жаахан завгүй л сууна. Ойрын үед бие даалт, шалтгалттай гээд ачаалал ихтэй байгаа. Хичээлийнхээ хажуугаар англи хэлний курст сурч байна. Би шинэ өглөөг сэтгэл өөдрөг угтах дуртай. Өглөө эрт босож, гимнастик хийчихээд, хичээлдээ явахад тэр өдөр эрч хүчээр дүүрэн байдаг.
-Орон дээр чинь “Миний мөрөөдөл”, “Сайхан эмэгтэй байхын нууц” ном харагдаж байна. Унших дуртай номнууд чинь үү?
-Хүнийг өөрчилж, хөгжүүлдэг гайхмаар ид шидтэй зүйл бол ном шүү дээ. Ном зорилгодоо үнэнч байж, ухаантай амьдрахад үгийн гайхамшгаар тусалж чаддаг гэж боддог. “Миний мөрөөдөл, миний дээвэр дор” номыг нэг найз маань намайг миссийн тэмцээнд оролцож, шагнал хүртээд ирэхэд бэлэглэсэн юм. “Нууц” номтой төстэй болохоор сонирхож, зав гаргаад уншиж байгаа. “Хүн юу хүсэж, мөрөөднө, тэр зүйл нь заавал биелдэг” гэдэгтэй санал нэг байдаг. “Нууц” номонд “Хүс, мөрөөд, бич. Түүнийгээ цаасан дээр буулга. Тэгвэл биелнэ” гэж бичсэн байдаг. Энэ номыг уншихаас өмнө энэ бүгдийг би өөрөө мэддэг байсан ч юм шиг гайхмаар бодлууд хааяа төрдөг юм.
-“Сайхан байхын нууц”-аас эмэгтэй хүн ямар байх ёстойг ойлгож чадав уу?
-Эмэгтэй хүн бүх талаараа сайхан байх ёстой юм билээ. Энэ ном миний сонирхлыг их татаж байгаа. Гадаад үзэмжээс гадна дотоод сэтгэлээ гэрэлтэй гэгээтэй, ариун байлгаж чадвал сайхан эмэгтэйд тооцогдоно гэдгийг ойлгосон. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үг байдаг даа. Хүн төрөлхтний дунд энэ үг олон зуун жил амьдарч чадсан шүү дээ. Зөвхөн гоо үзэсгэлэнг энэ үгээр төлөөлж хэлээгүй л болов уу. Гоо сайхан гэдэгт бодол сэтгэл, дотоод ертөнц, аз жаргал, хүсэл мөрөөдөл, зорилго, амжилт бүтээл гээд олон зүйл багтдаг гэж бодож байна.
-Телевизээр хувцас загварын нэвтрүүлэг гарч байна. Даалгавраа түр хойш тавиад үзээч?
-Өө, тэгье тэгье. MTV-ийн нэвтрүүлгийг бол дуртай үзнэ шүү. Надад таалагддаг юм. Мөн “The next” нэвтрүүлгийг сонирхож хардаг. Тэр дундаа “Fashion TV” миний үзэх дуртай нэвтрүүлэг. Үнэнийг хэлэхэд загвараас өөр нэвтрүүлэг сонирхож үзээд байх зав надад ховор гардаг. Залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлж, амжуулж хийх ажил их байна.
-Загварын ертөнцтэй анх хэрхэн холбогдов?
-Аав маань намайг бүр жаахан хүүхэд байхад “ V цэцэрлэгийн мисс Энхжин” гэж зарлахаар би гараа даллаад алхдаг байлаа. Хятад улсад болсон “Miss friendship international -2010” тэмцээнд оролцож, шагнал гардаж авахдаа тайзан дээр мөн л гараа даллаад алхсан. Загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан хүүхэд насны минь хүслийн нэгээхэн хэсэг биелсэн шүү.
-Олны өмнө тайзан дээр гараад алхаж байхад ямар бодол төрдөг вэ?
-Загвар өмсөөд алхах, Монгол Улсаа төлөөлөөд гадаадын загварын тайзнаа алхах хоёр асар их ялгаатай юм билээ. Дизайнерынхаа ур чадвар, авьяас, хөдөлмөрийг бүтээлээр нь харуулна гэдэг амаргүй. Ямар утга учиртай хувцас өмссөнөө хөдөлгөөн, алхаа гишгээгээр илэрхийлж гаргахад хичээл зүтгэл их шаардагддаг. Миний нэр бус, Монгол Улсын нэр гарна гэж бодоод тэсвэр алдах үеийг тэвчээд өнгөрөх удаа цөөнгүй. Өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчилж, хүсэл мөрөөдөл, зорилгоо сэтгэлдээ тээгээд тайзнаа гардаг.
-Загвар өмсөгчдийг царай зүс сайтай ч хоосон толгойтой хүүхнүүд гэсэн ойлголт байдаг. Тайзан дээр хэд алхаад л амар хялбар аргаар мөнгө олчихдог ажил гэж боддог хүмүүс бий?
-Загвар өмсөгчдийн тухай ийм ойлголт олны дунд одоо ч байгаад сэтгэл эмзэглэдэг. Ганц нэг хүний гаргасан алдаанаас болж бүгдийг нь ингэж дүгнэнэ гэдэг буруу. Сүүлийн үед загвар өмсөгчид өөрсдийгөө тал бүрээс нь хөгжүүлж, мэргэжил, боловсролдоо их анхаарах болсон. Тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа энэ ойлголт өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.
-Загварын ертөнц өрсөлдөөн ихтэй. Шантрах үе гардаг биз?
-Үнэхээр өрсөлдөөн ихтэй салбар. Эхэндээ нэг их анзаардаггүй байж. Загварын шоунд амжилттай оролцохын тулд нойр, хоолоо мартаад зүтгэх үе энүүхэнд. Загварын ертөнц миний эргэж буцахааргүй сонгосон зам болохоор хэцүү гэж шантардаггүй. Бусад орны загвар өмсөгчдийг бодвол монгол бүсгүйчүүд илүү тэвчээртэй, хаана ч очсон орчинд нь дасан зохицох чадвартай. Халуун, хүйтнийг ажрахгүй тэвчээд л зогсоод байна. +50 градусын халуунд үндэснийхээ хувцсыг өмсөөд тайзан дээр алхах үгээр хэлэхийн аргагүй хэцүү шүү дээ.
-Энэ салбар руу хөл тавихад аав тань их нөлөөлсөн байх аа?
-Тийм ээ. Аав, ээж минь их дэмждэг. Загварын ертөнц рүү зоригтой ороход аав илүү чиглүүлж өгсөн. Хоёр эмээ минь, аавын минь төрсөн дүү “Бурхан халдун” группын ерөнхий захирал Н.Мөнхдаш ах тэмцээн, уралдаанд оролцоход бүх талаар минь тусалж, урам зориг хайрлан, сэтгэлийн дэм өгдөг. Надад найдвар хүлээлгэж байгаа ах, дүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд өөрийгөө байнга дайчилж зоригжуулдаг.
-Залуу нас хүсэл мөрөөдлөөр жигүүрлэдэг шүү дээ. Ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл юу вэ?
-Мөрөөдлөө заавал биелүүлэхийг хүсдэг. Залуу хүнийхээ хувьд тэмүүллээр дүүрэн амьдрах дуртай. Сургуулиа амжилттай дүүргээд, мэргэжлээрээ алдартай интерьер дизайнер болно гэж боддог. Хэрвээ боломж гарвал ирэх жил “Мiss Mongolia” тэмцээнд оролцъя гэсэн бодол бий. Надад ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл их бий. Гэхдээ энэ удаа нууцалъя. Цаг хугацаа нь болохоор аяндаа харуулна. Харин ирээдүйн зорилгоо дэлгэе. Загварын ертөнцөд цахиур хагалж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон агентлагийн харштай болно гэж бодож байгаа. Тэр үед Монголынхоо уламжлал, үндэсний сэтгэлгээ, аж амьдралын өвөрмөц онцлогийг загвартаа түлхүү тусгана. Монголын ард түмэн гайхамшигтай ухаантай. Үндэсний маань хувцас дуусашгүй арвин, баялаг түүхтэй. Монголын газар, нутагт хүн болж төрсөндөө би маш их бахархдаг шүү.
-Монголын юуг гадныхан их сонирхдог юм бэ?
-Монгол хатдын хувцасны загвар, эсгүүр, оёдол, гоёл чимэглэл, үндэсний хээ, мөн морин хуурын аялгууг гадныхан их сонирхдог юм билээ. Манай үндэсний хувцас дэлхийн шилдэг 25 үндэсний хувцаст зүй ёсоор багтдаг. Гадны орнуудаар явж байхдаа тухайн орныг хөгжилд хүргэсэн онцлог зүйлүүдийг тэмдэглэлийнхээ дэвтэр дээр бичиж авсан. Өндөр хөгжилтэй орнууд аялал жуулчлалын салбартаа анхаарлаа түлхүү хандуулдаг нь ажиглагдсан. Манайд аялал жуулчлал хөгжих асар их боломж, нөөц бий. Монголын байгаль, тэр дундаа Элсэн тасархай, Хөвсгөл нуур, говь, нүүдэлчдийн өвөрмөц соёлыг өнөөг хүртэл хадгалсан хөдөөгийн аж амьдрал, ёс заншил жуулчдын сонирхлыг татаж чадна. Хамгийн гол нь бид аялал жуулчлалын салбараа нэн тэргүүнд хөгжүүлэх хэрэгтэй мэт санагдсан.
-Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү?
-Хөтөлдөг. Хэдэн жилийн дараа өөрийнхөө төлөө юу хийж байсныг эргээд харахад сонирхолтой шүү дээ. Өдөр, өдөрт юу хийх, долоо хоногт ямар ажил төлөвлөж, амжуулах тухайгаа бичдэг. Та бүхэн манайхаар өнөөдөр зочилж, хийхээр төлөвлөсөн ажлаа би нэг хоног хойшлуулснаа өдрийн тэмдэглэлдээ бичнээ.
-Хааяа уйтгарлаж, гуниглах үе гардаг уу?
-Уйтгарлаж суухыг үнэхээр хүсдэггүй. Би бухимдсан үедээ дотоод ертөнцтэйгээ ярилцаж, сэтгэл тавгүйрхвэл ном уншиж тайвширдаг. Ямар ч үед өөрөө өөртөө найдах нь зөв гэж боддог.
-Тийм үед аав, ээж тань юу гэж зөвлөдөг вэ?
-Долгор эмээгийнхээ зөвлөгөөг дуртай сонсдог. Монголын зүйр цэцэн үгнээс иш татаж байгаад л “Миний охин хүмүүстэй эелдэг, сайхан харилцаж байгаарай. Чамайг үе тэнгийнхэн чинь харж байгаа. Залуу үеийнхээ үлгэр дуурайл нь байх ёстой шүү” гэж хэлдэг юм. Аав, ээж “Чиний хүссэн хүсэл чинь бүгд сэтгэлчлэн биелнэ. Тийм болохоор хэцүү гэж бодсон зүйлийнхээ өмнө битгий шантарч байгаарай” гэж захидаг. Ах, бид хоёрын юу хүсэж байгааг аав, ээж байнга сонсож, анхаарал тавьдагт нь баярлаж явдаг.
-Гэр бүлийнхээ жаргалтай амьдралыг хараад ирээдүйдээ ингэж сайхан амьдрах юмсан гэдэг бодол төрдөг биз дээ?
-Аав, ээжийгээ хувь заяагаар учирсан сайхан хос гэж боддог. Эмэгтэй хүүхэд ирээдүйн ханиа аав шиг минь байгаасай гэж төсөөлж боддог шүү дээ. Би ч гэсэн тэдний адил. Одоогоор надад гэр бүлийн асуудлаар төлөвлөсөн зүйл алга. 25 нас хүрч байж амьдралд хөл тавина гэж боддог. Түүнээс өмнө өөрийгөө тал бүрээр нээж хөгжүүлээд, мэргэжлээрээ тодорхой амжилт гаргах зорилго тавьсан. Энэ зорилгоосоо хэзээ ч буцахгүй. Би ирээдүйгээ үргэлж сайхнаар төсөөлж, өнөр өтгөн сайхан гэр бүлтэй байхыг хүсдэг.
-Үерхдэг найз хөвгүүнтэй юу?
-Байгаа. Найз маань “Монголын Дизайнеруудын Холбоо”-ны загвар өмсөгч. Намайг сайн ойлгодог. Зан чанараараа аавтай минь төстэй. Хүсэл мөрөөдөл нь хүртэл аавынхтай адил байсанд их гайхсан шүү. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, ухаалаг, тэвчээртэй, зорьсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэж чаддаг зангаар нь бахархдаг.
-Залуу насаа юутай зүйрлэдэг вэ?
-Өөдөө асаж буй галын дөлтэй зүйрлэдэг. “Сэтгэлд сайхан бодол төрж, тулганд гал бадамлан асаж байгаа цагт хүн өөдрөг амьдардаг” гэдэг үг байдаг . Тиймдээ ч монголчууд галын бурхнаа дээдэлж, ариун байлгаж ирсэн ард түмэн.
-Энхжин аз жаргалтай бүсгүй мөн үү?
-Тэгэлгүй яахав. Би өөрийнхөө бүх зүйлд сэтгэл хангалуун байж чаддаг. Байгаа бүхэндээ баярлаж явдаг. Жаргал гэдгийг эд хөрөнгө, хангалуун амьдралаар хязгаарлаж боддоггүй. Аз жаргал дэргэд минь өдөр бүр оршин тогтнож байгааг гэр бүлээсээ мэдэрдэг.
-Өдөрт хичнээн төгрөг өөртөө зарцуулдаг вэ?
-Өө, янз бүр. Наад зах нь 20-30 мянган төгрөг зарцуулна.
-Таны дуртай гоёл...
-Хүүхэд байхдаа гоёлын зүүлт, ээмэг, бөгж их цуглуулдаг байлаа. Одоо бол сонирхол минь өөрчлөгдөж, гоё ном худалдаж авдаг болсон. Миний ширээний ном “Нууц”. Өдөр болгон уншиж, эерэг энерги авдаг. Одоо “Бусдаас түрүүлж амжилтад хүрэх нууц”-ыг уншиж байна. Сүүлийн үед мэргэжлийнхээ чиглэлийн ном цуглуулах сонирхол төрөөд байх болсон.
-Эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Хэлж, хийж буй зүйлдээ эзэн байж чаддаг, ханилсан ханиа хайрласан шиг хайрлаж, амьдралд алсын бодол, уужуу ухаанаар хандан, үүрэг, хариуцлагаа ухамсарладаг байгаасай гэж боддог. Миний хувьд эрчүүдээс биеэ авч яваа соёл, хүнтэй харилцаж байгаа харилцааны соёлыг түрүүлж хардаг. Хүмүүс “Хувцсаар нь угтаж, ухаанаар үд” гэж ярьдаг. Энэ дүгнэлттэй тэр бүр санал нийлдэггүй. Гадаад үзэмжээр нь хүнийг түрүүлж дүгнэж болохгүй. Санаа бодлоо харилцан солилцож байж зан чанарыг нь танина шүү дээ.
-Энхжин ямар зан чанартай вэ. Өөрийгөө үнэнээр нь тодорхойлооч?
-Миний хувьд найз, нөхөд дундаа нээлттэй. Гэхдээ дутагдлыг нүүрэн дээр шууд түс тас хэлдэггүй. Алдаа, дутагдал гаргах болсон шалтгаан нь юу вэ гэдгийг олж харахыг хичээдэг. Би гарын арван хуруунд багтах цөөн найзтай. Итгэл даах сайн нөхөдтэй байх илүү чухал гэж боддог.
-Ахтайгаа үе тэнгийн найзууд шиг байх юм аа?
-Би ахаасаа нэг нас, зургаан сарын зөрүүтэй. Даруу, шударга занг нь их хүндэлдэг. Надад “Чи заримдаа нэг зүйлд хэтэрхий их туйлшрах юм. Өөрийгөө ихэд бодож, хэт дээгүүр тавих хэрэггүй. Амьдралыг үлгэр шиг, кино шиг төсөөлөөд байх юм” гээд хааяа ухааруулах жинтэй үг хэлчихнэ. Заримдаа үеийнхээ нөхөдтэй харилцаж байгаа шиг чи гэж дуудчихаад дараа нь их гэмшдэг шүү.
-Спорт сонирхдог уу?
-Манай гэр бүл спортод их дуртай. Аав марофон гүйлтээр, ах снукер билльярдаар хичээллэдэг. Спортын мастер цолтой. Олон улсын тэмцээн уралдаанд байнга оролцдог. Ахыгаа дагаж билльярд, гольф, боулинг сонирхож тоглодог.
-Найзуудтай уулзсан үедээ ярианы сэдэв хаашаа чиглэдэг вэ?
-Өө, янз бүрийн сэдвээр яриа өрнүүлнэ. Мэргэжлийнхээ тухай болоод үе тэнгийнхээ залуус, ирээдүйн амьдрал, загварын ертөнц, гоёл гангараа, 10 жилийн дараах өөрсдийнхөө амьдралыг төсөөлж ярьдаг.
-Хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн...
-Солонгосын “The face shop”-ын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Байгалийн гаралтай болохоор миний арьсанд тохирдог юм.
-Байнга үйлчлүүлдэг газар...
- “Маtrix” салон, “Brand shop” дэлгүүр.
-Хамгийн сүүлд ямар тоглолт үзэв?
-Саяхан найзуудтайгаа “Шинэ үе” продакшны “Жаргаж өнгөрөөх хоёр цаг” тоглолтыг үзсэн. Надад их таалагдсан шүү. Эрч хүч ч авч чадсан.
-Бидний яриа өндөрлөж байна. Үеийнхээ залууст уриа болгож, урмын ямар үг хайрлах вэ?
-Амьдралд зовлон, жаргал хоёулаа өрнөх учраас сэтгэлийн тэнхээтэй яваарай. Бэрхшээлээс шантралгүй, зорилгыхоо төлөө тууштай зүтгэж чадвал амжилт дэргэд чинь ойрхон байгаа шүү. Сэтгэлдээ өөдрөг зүйл бодож, аливааг сайхнаар төсөөлж байвал бодол чинь биелнэ. Хамгийн гол нь хүсэл, мөрөөдөл, зорилго тэмүүлэлдээ үнэнч байгаарай.
Ням гариг сэтгүүл