Сая сая шүтэн бишрэгчтэй поп од Жастин Тимберлейк ид гялалзаж байхдаа уран бүтээлийн хугацаагүй чөлөө “авсан”. Хүмүүс түүнийг “Амжилтадаа толгой нь эргэж, галзуурсан байх” хэмээн шивэр авир ярьж байлаа. Харин тэрбээр “Би хүссэн үедээ хийе гэсэн зүйлээ хийнэ” хэмээн тайлбарлажээ.
Дэлхийн шоу ертөнцөд нэрээ дуурсгаж, амжилтын од нь гийж байсан 29 настай уран бүтээлчийн Холливудын од болохоор сэтгэл шулуудан, дуучны карьераа орхисон нь шүтэн бишрэгчдийг нь гайхшралд оруулсан юм. Дуу хөгжим сонирхогчдын дунд Тимберлейкийг хэрхэн буцааж тайзнаа гаргах вэ, түүний “Sexy back”, “Sexy Ladies”, “Cry me a river” зэрэг шилдэг дууг нь дуулуулж, яаж цоо шинэ хөг аялгуутай бүтээл туурвиулах вэ гэсэн санал асуулга явагдсаар байлаа.
Нэг хувилбар нь бүтэн сарын турш бокс оффисын эхний 10-т бичигдэж, багагүй амжилт олоод байгаа “The Social Network” киноны дүр нь “Оскар”-т нэр дэвшихгүй бол, харин нөгөө нь түүний зүрх дахин шархалбал хөгжмийн ертөнцөд эргэж ирэх болов уу гэх хоёр таамаглал үнэн байх магадлалтай байв. Учир нь тэр поп гүнж асан Бритни Спирсээс салсныхаа дараа хөгжмийн ертөнцөд шуугиан тарьсан супер цомгоо, жинхэнэ хит дуу “Cry me a river”-ээ зохиосон юм.
-Чиний бүтээлийг сонирхож, аялгууг нь сонсох дуртай хэдэн саяар тоологдох шүтэн бишрэгч чинь бүтэн дөрвөн жилийн турш нэг ч шинэ дуу сонссонгүй. Энэ хугацаанд шинэ цомог ч гаргасангүй. Чи хөгжмийн ертөнц дэх нэр хүнд, амжилтаа алдчих вий гэж айхгүй байна уу?
-Зураач хүн шинэ зургаа эхлэхдээ хэзээ дуусахаа төлөвлөдөггүй. “Энэ зургийг арванхоёрдугаар сарын 31-нд дуусгана” гэж тодорхой хугацаа товлодоггүй шүү дээ. Зураачийн мэдрэмж, төсөөлөл бүхлээрээ тухайн зурагт буусан тэр үед жинхэнэ бүтээл болдог.
Дуу ч гэсэн мөн адил сэтгэлийн угаас гардаг уран бүтээл. Тийм болохоор би хэзээ, хаана, ямар дуу зохиохоо мэдэхгүй. Байнга дуу, хөгжим зохиогоод байна гэж байхгүй. Хэзээ уран бүтээлийн онгод орж ирэхийг ч хэлж таашгүй. Би дуу зохиож, дуулахаас гадна фото зураг, кино урлаг гээд олон зүйлд дуртай. Мөн загвар сонирхдог болохоор загварын товчоо ажиллуулж, дуртай л зоогийн газрын бизнес хийдэг.
Дуртай, хийх ёстой гэдэг хоёр өөр ойлголт биз дээ. Жүжигчний карьер минь амжилттай болж, хүсэж байсан газраа хүрвэл дахиад дуу бичиж, шинэ цомог гаргах ч юм бил үү. Яагаад болохгүй гэж. Хүмүүсийн шахалт, хэвлэлээр гарч байгаа шүүмжлэлүүд надад хэцүү байдаг. Өөрийнхөө хүссэн зүйлээ, хүссэн үедээ хийх нь зөв биз дээ. Уран бүтээлийг шахаж, шаардаж байж хийдэггүй гэдгийг хүмүүс мэднэ. Яг одоо би дуу бичмээргүй, бас дуулмааргүй байна. Өөрийнхөө хүсэл, сонирхлыг эсэргүүцэж, ямар нэгэн зүйл хийвэл тэр жинхэнэ алдаа болох байх шүү.
-Одоогоор жүжигчний мэргэжил таны сонирхлыг татаж байгаа юм байна. Хамгийн сүүлд нэрт найруулагч Дэвид Финчерийн найруулсан, хамгийн олон хэрэглэгчтэй интернет сайтуудын нэг болох Facebook-ийг үндэслэгчдийн тухай өгүүлдэг “The Social Network” кинонд тоглосон. Дуучны нэр алдар чинь дүрийн сонголтод нөлөөлдөг үү?
-Огтхон ч үгүй, энэ бол бодит дүр байсан. Калифорнийн нэрт бизнесмэн Шон Паркерийн дүрийн шалгаруулалтад бусад жүжигчний адил гурван долоо хоног оролцсон. Найруулагч Дэвид Финчерт нэртэй дуучин, сайн уран бүтээлч гэдэг нь хамаагүй, тухайн дүрийг л сайн бүтээх жүжигчин хэрэгтэй байсан нь лавтай. Тэр тун хатуу шүүлтүүрээр жүжигчдээ сонгодог. Энэ дүрд би тэнцсэн. Хэн ч тааруухан жүжигчин сонгож, тэр хүний сургах гэж өөрийгөө зовооё гэж бодохгүй шүү дээ. Би дүрдээ бүрэн орохыг хичээдэг. Ингэж хичээсний дараа гэртээ ирээд, жинхэнэ төрхдөө хувирахад заримдаа хэцүү байдаг.
Миний хувьд дуучин байх илүү амархан, ямар ч үед байгаагаараа л байна. Хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Энэ утгаараа жүжигчин гэдэг нэг бодлын аюултай мэргэжил юм шиг ээ. Миний хувьд “The Social Network” киноны Шоны дүрд тоглохийг үнэхээр хүсэж байсан (Шон Паркер 19 настай Харвардын оюутан Марк Цукербергт интернэт сүлжээний бизнесийн санааг нь хэлж өгч, энэ төслийг нь хэрэгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан хүн. Facebook сүлжээ их амжилт олсон ч удалгүй Шон мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баривчлагдаж, компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан юм)
Түүний амьдрал тун ээдрээтэй, төвөгтэй байсан. Үүнийг нь би өөрийнхөөрөө ойлгож, дүрээ амилуулах хэрэгтэй болсон. Яг л дүрээ мөлжиж байгаа юм шиг. Ганцхан үзэгдлийг зуун удаа дубльдсэн ч тэдгээрийн нэг нь л сонгогдоно. Бусад нь устгагддаг. Бид өөрсдөө ч тэр бүхнээ санахгүй.
Бүх жүжигчдэд найруулагчийн хүссэнийг гаргаж чадаагүй байх вий гэсэн эмзэглэл байдаг. Өөрийнхөө чадах бүхнийг хийж, бүх зааврыг нь дагасан байсан ч битүүхэн сэтгэл зовних хөндүүр байдаг гэдгийг би мэднэ. Гэвч зөвхөн сайн талыг нь харъя гэж шийдсэн. Тэгээд “Зарим үзэгдэлд тоглохдоо үнэхээр өр өвдөөд байх юм аа, өөрөө хийж чадахгүй нь ээ. 99 удаа муу хийж дубльдэж байснаас ганц удаа өөрийнхөөрөө хийчихвэл ямар эрх чөлөөтэй байх бол оо” Заримдаа би хэчнээн давтаад ч хүлээж авч чадахгүй болсон байдаг.
Тэр үед бусад жүжигчид шиг хатуужиж байгаадаа дуртай байгаа. Энэ их хэцүү үйл явц. Зураг авалтад бэлтгэх зуураа би өөр зүйлд анхаарч чаддаггүй. Сүүлийн кинонд тоглох гэж бид арван сарын турш бэлтгэсэн.
-2008 онд дэлхийн хамгийн залуу саятан, энэ оны “Forbes” сэтгүүлийн судалгаагаар 6,9 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн баячуудын 35 дахь байрыг эзэлж буй Марк Цукерберг кино үзсэн нь лавтай. Түүнд ямар санагдсан бол?
-Би сайн ойлгож байна. Би одоо 29 настай, миний тухай кино хийвэл яг дэлхийн гадна байгаа мэт санагдах болно шүү дээ. Хэрвээ миний тухай кино хийгдэхээр бол өөд болсон хойно минь хийгдээсэй.
-Сүүлийн үед залуучууд олон нийтийн сүлжээг их ашиглах болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Олон нийтийн сүлжээ бол хүмүүсийн гэртээ зохиож буй үдэшлэг. Тэд цахим ертөнцөд шинэ амьдрал, шинэ төрхөөр амьдардаг. Гэхдээ ингэж их олныг хамарна гэж бодоогүй шүү. Би Маркийг ойлгохыг хүссэн учраас “Facebook”-ийг ихээхэн судалсан. Олон нийтийн сүлжээ нь нийгэмд сайн эсвэл муу нөлөө үзүүлдэг үү? гэсэн асуулт тавих нь утгагүй санагддаг.
Учир нь байнга сайн, муу хоёрын дундыг нь харж байх ёстой. Олон нийтийн сүлжээ нь биднийг хатуу, сайхан сэтгэлтэй, муу санаатай гэх мэтчилэн энгийн хүн болохыг сануулж байдаг. Би Марктай уулзаж байгаагүй. Гэхдээ түүнийг ганцаардмал хүн гэдгийг сайн ойлгосон.
Зөвхөн өөрийнхөө амьдралд ёсзүйн алдаа хийснийхээ төлөө би шүүмжлэх эрхгүй хүн шүү дээ. Тэрбээр найз охинтойгоо муудалцсаныхаа дараа Харвард дахь сайтаа нууж, түүнийхээ тухай таагүй мэдээллүүдийг цацаж байсан гэдгийг бүгд мэднэ.
Энэ шалтгааны улмаас “Facebook”-г дэмжсэн гэх таамаглалыг киноны уран бүтээлчид дэвшүүлсэн байсан. Харвардийн халуухан эмэгтэй оюутныг тодруулах харьцуулсан зураг бүхий санал асуулга “Facebook”-т тавигдсанаар уг сүлжээ Америкийн томоохон сургуулиудаар дэлгэрч, улмаар дэлхийн даяар ашиглах болсон. Энэ бүхэн нь ихэнх хүмүүсийг нийгмийн бодит амьдралд дасаагүй байгаагийн илрэл юм.
Марк бол суут ухаант, түүнийг сурагч байхад нь Билл Гейтс программ зохиож өгөхийг гуйж ,их хэмжээний мөнгө амлаж байсан боловч тэрбээр татгалзаж байсан түүхтэй. Гэвч түүний суут ухаан Харвардад орох тасалбарыг авч өгч чадаагүй. Энэ хүрээнд орохын тулд ажлын туршлага, онцгой нээлт, эсвэл дээдсийн зиндааных байх ёстой байдаг юм.
-Та өөрөө ямар нэгэн олон нийтийн сүлжээнд хаягтай юу?
-Үгүй ээ. Энэхүү “хар тамхи” намайг тойроод өнгөрсөн. Би компьютерт дурлаад байдаггүй. Сайн ашиглаж чадах ч үгүй. Харин үүний оронд дуугаа зохиосон нь дээр байх (инээв). Манай багт миний өмнөөс “Facebook” дээрх хандивын байгууллагын төсөл, интернэт дэх мэдээллийг хянах гэх мэт иймэрхүү асуудлыг шийдэж өгдөг хүмүүс байдаг.
Тэгээд ч миний өдөр тутмын амьдрал хүмүүсийн сонирхлыг татахгүй биз дээ. Өглөөнийхөө цайг уусан талаар хэнд ч хэлэх шаардлагагүй, тэр дундаа танилууддаа. Би интернетээр бүсгүйчүүдтэй ч танилцддаггүй. Нэг үгээр хэлбэл эртний үлэг гүрвэл шиг тиймэрхүү хүн. (инээмсэглэв)
-Найзууд чинь танд гомдолдоггүй гэж үү?
-Найзуудын маань гомдол хэзээ ч санааг минь зовоож байгаагүй. Харин нэг удаа сүлжээнд байдаг найзуудтайгаа харилцааны хуучирсан арга барилын талаар санал солилцохоор шийдээд, бие биедээ захиа бичиж, шуудангаар харилцахаар шийдсэн юм. Харин шуудангийн тагтааг ашиглах гэж оролдоогүй (инээв ). Зарим нэг нь сайхан наргих санал гаргаж байсан ч би далайн давалгаагаар тавцантай гулгах санаа гаргасан. Интернэт, месенжер, цахим шуудан гэхээс илүү утсаар холбоо барьдаг.
-Харилцаа гэснээ та Бритни Спирс, шаргал үст Камерон Диаз гээд хуучны найз бүсгүйчүүдтэйгээ нөхөрсөг харилцаатай байдаг уу?
-Бритнитэй хамт байсан тэр үе надад том сургамж болсон. Чухам тэр үед ажил, хувийн амьдрал ямар хамааралтай байдгийг мэдэж, шүд зуун тэсэх гэдгийн утга учрыг мэдэж авсан. (Хүнтэй сууж, хэн нэгний эхнэр болоход Бритни арай залуу байсан. Энэ нь түүний карьерт сөрөг нөлөө болно хэмээн Барбара Уолтерс зөвлөжээ.
Тэгээд Бритниг хожим гэрлэх нөхөртөө охин бие зориулна гэж ярихыг ятгаж байсан гэдэг) Түүнтэй хамт байсан тэр үед бүгд л надаас ийм мэдэгдэл хийж, түүнийг охин биеэрээ байгааг батлаад өгөөч гэж гуйж байсан. Намайг тэгэж хэлсэн бол ухаанаа алдчихсан юм болов уу гэж сонссон хүн бүр гайхна шүү дээ. Хэн нэгэн мундаг сэтгүүлч ямар ч үнэ хөлсгүйгээр ажилладаг гэвэл үнэмшихгүй биз дээ.
Тэр үед би өөдгүй, чалчаа амьтан шиг байхыг хүсээгүй. Яг таны асуултад хариулахад -тийм ээ, би хуучны бүсгүйчүүдтэйгээ бүр муудалцаагүй. Гэхдээ байдал үүнээс дор байх аргагүй. Миний зүрх сэтгэл засрашгүй романтик. Өөрөө ч дэндүү хүлцэнгүй нэгэн. Бүх зүйл хамгийн муугаар эргэхэд би ганцаараа л үлддэг. Үүнээс муу хувилбар гэж байхгүй. Хэрвээ тэдэнтэй адил байсан бол олон зүйл өрнөх байсан биз.
-Таны одоогийн найз бүсгүй Жессика Биелийн тухай яриагаар өндөрлөвөл ямар вэ?
-Миний ярих дуртай сэдэв. Бид гэрлэх ч үгүй, салах ч үгүй хамт байгаад байдаг нь хүмүүст хачин санагддаг байх. Үүний гол утга учир Жессикад бий. Бид сайн тохирдог. Тэр бол гайхалтай, ухаантай, эрч хүчтэй, биеэ даасан эмэгтэй. Би ийм бүсгүйтэй учирсандаа өөрийгаа азтай гэж бодож явдаг. Тэрбээр хэн ч харсан дур булаам бүсгүй. Би 30 хүрэхдээ нэгдүгээр сарын 31-нд гэрлэлтээ батлуулж, өөрсдөдөө сайхан бэлэг барьж магадгүй.