Хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагдын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын III уралдаан нэгдүгээр сарын 17-19-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Түүнээр овоглосон “Аргагүй чамдаа дурлажээ би”, “Болзоо”, “Тогтохоо болилоо”, “Замлин гэдэг захгүй”, “Чи минь битгий мартаарай” зэрэг олон дууг монголчууд андахгүй. Мэргэжлийн дуучдын ур чадварыг дээшлүүлж, Г.Дарамзагд агсны уран бүтээлийг залуу уран бүтээлчдэд өвлүүлэн үлдээх зорилготой уралдаанд 40 хүртэлх насны дуучид оролцох боломжтой.
Уралдааны нэгдүгээр байрын эзнийг хоёр сая, удаах байрыг 1.5 сая, гуравдугаар байрын шагналтныг 800 мянган төгрөгөөр урамшуулж, өргөмжлөл олгон, нэгдсэн тоглолтод оролцуулах юм билээ. Г.Дарамзагд эх орон, цэрэг эрс, хошин шог сэдэвтэй нийтийн болон найрал дуу, бүжгийн хөгжим, магтуу, оратори зэрэг олон зуун бүтээл туурвисан бөгөөд түүний 80 насны ойг энэ сард тэмдэглэн өнгөрүүлж, үзэсгэлэн гаргаж, уралдаан зохион байгуулах аж.
Ж.СЭЛЭНГЭ