“Занаду арт” галерейд залуу уран бүтээлч Б.Мөнхцэцэг эсгийг урлагийн бүтээл болгон дэлгэжээ. Түүний анхны бие даасан “White” үзэсгэлэнд эсгийгээр урласан 20 орчим бүтээл багтаж буй. Эртнээс улбаатай эсгий урлалыг өдгөө монголчууд хэрэглээний эд зүйлстэй эндүүрэн ойлгох болсонд харамсдаг хэмээсэн Б.Мөнхцэцэг эсгийг ийнхүү амилуулжээ.
Эсгийгээр уран зургийн дайтай бүтээл хийнэ гэдэг амаргүй аж. Эхлээд зурах зүйлийнхээ өнгө, хэв маягийг хавтгай дээр буулгаж, ангилан ялгаж, тусгайлан өнгө оруулсан ноосоо зулж, урлагийн бүтээл болгодог гэнэ. “Би ургамаар байна”, “Би урсмаар байна”, “Цас”, “Эрт ба эдүгээ” бүтээлүүдээрээ цөлжилт, байгалийн сүйрэл, агаарын бохирдлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.
С.СЭРГЭЛЭН