Хүн бүхний хүсэн хүлээдэг баяр бол гацууртай, гялалзсан чимэглэлтэй, өвлийн өвгөн аавтай шинэ жил байдаг шүү дээ. Ялангуяа хүүхдүүд энэ баярыг тэсэн ядан хүлээдэг. Жил бүр олон улсын “Найрамдал” зусланд зохион байгуулдаг багачуудын сүлд модны наадам уламжлал ёсоороо энэ сарын 21-28-нд болж, нийслэлийн есөн дүүргийн 2100 гаруй хүүхдийг баярлуулахаар төлөвлөжээ.
Тус хамт олон энэ жилийн баярыг “Зул сар хулгайлагдсан нь” сэдэв дор явуулахаар бэлтгэж, олон сайхан хөтөлбөр боловсруулсан юм билээ. Тухайлбал, сүлд модны зочид болсон багачууд алга болсон сарны эрэлд гарч, есөн өртөөнд саатан янз бүрийн арга хэмжээнд оролцоно. Өртөө бүрийн хөтөлбөр давтагдахгүйгээс гадна тэнд хүүхдүүдийг үлгэрийн баатрууд хүлээн авах юм байна.
“Найрамдал” төвийнхөн сүлд модныхоо наадамд жүжигчилсэн тоглолт тавьж, үүндээ хүүхдүүдийг өргөн хамруулдаг уламж лалтай. Энэ жил энэхүү арга хэмжээнд орон нутгийн багачуудыг түлхүү хамруулахыг зорьж байгаагаа тус төвийн дэд захирал Б.Отгонбат мэдээллээ.
Ж.ЭРДЭНЭ