Дэрэвгэр хормойтой гоёмсог даашинзыг репперийнх шиг гинж, пүүзтэй хэрхэн хослуулахыг манай гаригийн бүсгүйчүүдээс тэр л хамгийн сайн мэдэх байх. Лили Аллены дууны үгс ч дүр төрхтэй нь төстэй. Энгийн харилцан яриа шиг, заримдаа юуг ч үл тоосон, сахилгагүй хэрнээ цаагуураа үнэнийг өгүүлж, болохгүй, бүтэхгүй зүйлсийг ёжлон дуулдаг. Энэ зан чанар нь хүмүүсийг ихээр татдагийг Лилигийн албан ёсны сайт дээр үлдээсэн фэнүүдийнх нь сэтгэгдлээс харж болно
ХӨГЖИМЧИН ААВ, ПРОДЮССЕР ЭЭЖИЙН ТАНХАЙ ОХИН
Түүний аав Кэйт Аллен нь Уэльсийн нэртэй рок дуучин байсан бол ээж Алисон Овен нь кино продюссер байв. Рокер залуу охиндоо эхнэрийнхээ дуртай цэцэг сараана буюу лилигийн нэрийг хайрлажээ. Лили жүжигчин дүү, дизайнер эгчтэй. Аавынх нь аялан тоглолтоос шалтгаалж түүний бага нас аяллын замд өнгөрчээ. Харин дөрвөн настай байхад нь эцэг эх нь салснаар Лили ээж, эгч, дүүтэйгээ амьдрах болсон юм.
Ирээдүйн од багадаа яг л эрэгтэй хүүхэд шиг хөдөлгөөнтэй, сахилгагүй байснаас ээжийнхээ чихийг байнга халууцуулдаг байж. Насанд хүрээгүй хэрнээ архи, тамхи хэрэглэх болсон нь үүн дээр нэрмээс болсон биз. Танхай охиныг багш нар хичээлдээ суулгахаас татгалзаж, Лили 13 сургууль дамжсан гэдэг.
“Тэр үед намайг хэн ч ойлгодоггүй юм шиг санагддаг байсан. Олон сургууль дамжсан болохоор надад сайн найз ч байгаагүй. Бүгд л намайг дэлхийн хамгийн бүтэхгүй амьтан мэтээр харах хэчнээн хүнд байсан гээч. Харин тэр бүхнийг давж гарахад ном, хөгжим хоёр тусалсан. Эд бол миний хамгийн үнэнч найз” хэмээн Лили нэгэн ярилцлагадаа дурдсан нь бий. Тэрбээр аавынхаа нөлөөгөөр глам рок, альтернатив хөгжим сонсож, дэлхийн II дайны тухай бүтээлүүд, XVIII зууны үеийн ном балчир оюуныг нь тэтгэдэг байж.
Лили 11 настайдаа сургуулийн тоглолтод “Oasis”-ын “Wonderwall”- ыг дуулсныг Канадын дуурийн дуучин Ричель Сантессо сонсож, бяцхан охинд авьяас нуугдаж буйг анзаарчээ. Ингээд тэрбээр Лилид долоо хоногт нэг удаа хөгжмийн хичээл заах болжээ. Ричель Лилигийн хувьд багш төдийгүй хоёр дахь ээж нь болсон гэдэг.
ЦЭЦЭГЧИН БОЛОХ ШАХСАН НЬ
Багш нарыг царайчилж, шинэ ор чинд дасах гэж удаан хичээсний эцэст Лили 15 настайдаа сургуулиа орхих шийдвэр гаргажээ. Эцэг эх нь мэдээж үүнийг зөвшөөрсөнгүй. Харин зөрүүд охиныхоо “Амьдралынхаа гуравны нэгийг сургуульд өнгөрөөж, өглөө нөөс үдэш хүртэл ажилла мааргүй байна.
Тэгээд үлдсэн хэсэгт нь тэтгэвэр хүлээж суух болно. Би ийм амьдралыг хүсэхгүй” хэмээсэн шийдэмгий үгсийг тэд няцааж чадаагүй аж. Ингээд Лили сургуулиас гарч, өөрийн дуу хоолойгоо олонд хүргэж, басхүү үзэл бодлоо илэрхийлэх томоохон зорилгынхоо төлөө зүтгэж эхэлжээ. Өдрийн тэн хагасыг өрөөндөө дуу зохион өнгөрүүлж, үлдсэн хэсэгт нь томоохон дуу бичлэгийн студид очин, продюссеруудын хараанд өртөхийг эрмэлзэж байлаа. Охиныхоо том зорилгод дуучин аав нь ч тусалж байв.
Ингээд 2002 онд буюу 17 настайдаа “Warner music”-ийн нэг салбар “London Records”-той гэрээ байгуулж чадсан нь түүний хувьд том амжилт болсон юм. Хэсэг хугацаанд тэдэнтэй хамтран ажиллаж, өөрийн зохиосон болон аавынхаа хуучны дуунуудыг ч сэргээн дууллаа.
Гэсэн ч болж өгсөнг үй. Алдартай дуу бичлэгийн студитэй хамтран ажиллаж, залууст танигдаж эхэлсэн ч Лили нэг л өдөр энэ бүхнийг орхив. Энэ түүний явах зам биш байлаа. Тэрбээр дуу хөгжмөөс холдохоор шийдэн, цэцэгчин бэлтгэх сургалтад суун, хөг аялгуу биш хөрс шороог арчлах болов. Харин менежер Жорж Ламб нь авьяасыг ингээд орхихыг хүссэнгүй.
Түүний хувьд Лили авьяасаас гадна асар их мөнгө байсан нь ойлгомжтой. Жорж Лилиг эргээд хөгжим рүү орохыг арайхийн ятгасан гэдэг. 2005 оноос Лили бүхнийг шинээр эхлэн, “Regal Records”-той хамтрах боллоо. Гэвч “Regal Records”-ынхон өмнөх амьдралыг нь мэдэх тул Лилид үл итгэсэн байдлаар, хөндий хандаж байв. Үүнийг нь мэдэрсэн дуучин бүсгүй чадах бүхнээ хийхээр шийдэж, тухайн үедээ ид цэцэглэж байсан “Myspace” сайтад өөрийн хуудсыг нээж, дуунуудаа тавьжээ.
Мянга мянган залууст түүний бүтээлүүд таалагдан, Лили Аллен гэх нэр цахим ертөнцөд алдаршлаа. Түүний дуунуудыг 20 сая удаа “Myspace”-ийн хуудаснаас татаж, анхны “Alright, still” цомог нь дэлхий даяар хоёр сая гаруй хувь борлогдсон юм. Лили Аллены нэр цахим ертөнцөөс хальж, дэлхийд цуурайтах эхлэл ингэж тавигджээ.
Бүрэн хэмжээний хоёр дахь цомог”It’s not me. It is you” нь өнгөрсөн жил худалдаанд гарсан даруйдаа л хит парадыг тэргүүлсэн. Эхний цомогт нь регги, ска хөгжмийн нөлөө их туссан бол дараагийн бү тээлд нь электро дуу гаралт давамгайлсан хэ мээн шүүмжлэгчид дүгнэсэн юм.
УТГА САНАА ХАМГИЙН ЧУХАЛ
Лили Аллены хувьд дууны үг нь аянаасаа ч чухал. Уран бүтээлээрээ юу илэрхийлэх гэж зорьсон, ямар үзэл бодлыг тусган бичсэнд тэр илүү ач холбогдол өгдөг аж. Лили ихэнх дуугаа ойр тойрныхондоо зориулж бичсэн. Анхны хит дуу болох “Smile”-д хуучин найз залуугийнхаа өөдгүй занг дуулдаг бол хүмүүсийн хамгийн сайн мэдэх “Fuck you”-д Жорж Бушийг шүүмжилсэн байдаг. Мөн аавдаа, ээждээ, эгчдээ зориулсан бүтээлүүд ч түүнд цөөнгүй бий гэнэ.
“Бидний амьдрал харилцаан д э э р тогтдог. Тиймээс ч би хү- мүүст тухай лан хандсан дуу бичдэг. Миний үзэл бодол тэр чигтээ уран бүтээлүүдэд маань тусдаг” хэмээн тэр хэлдэг. Өнгөрсөн жилээс Лили дизайнер эгчтэйгээ хувцасны салон эрхлэх болсон бөгөөд “Lily Love” брэндийг үүсгэжээ. “Би хөгжимд хайртай ч амьдралд өөр сонирхолтой зүйлс зөндөө байна. Миний хувьд ойрын хоёр жилдээ шинэ цомог, аялан тоглолт төлөвлөөгүй байгаа” хэмээн хэвлэлийнхэнд саяхан мэдээлжээ.
Тэрбээр хэсэг нам гүм байсны эцэст саяхан “MTV”-д ярилцлага өгчээ. Уран бүтээл, хөгжмийн ертөнц, хувийн амьдралынхаа талаар хүүрнэсэн түүний ярилцлагыг хүргэе.
-Та бол цахим хуудаснаас “төрс өн” алдартнуудын нэг. Дэлхийг бараг тэр чигт нь эзэлж буй сүлжээний сайтын талаар юу гэж боддог вэ?
-Тэдгээр сайт надад их таалагддаг. Би “myspace”, твиттерээ ашиглан хүмүүстэй харьцах дуртай. Олон нийтийн сүлжээний сайтууд хүмүүст их боломж нээдэг шиг санагддаг юм.
-Зөвхөн хөгжмийн замаар явах ёстой юм байна гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?
-Би анхнаасаа л урлагийн хүн болохоо мэддэг байсан. 15 настайдаа сургуулиа орхимогцоо л мөрөөдлийнхөө төлөө шаргуу зүтгэсэн. Одоогийн энэ амжилтад хүрэхээс өмнө миний урд ямар олон хаалга тасхийн хаагдсаныг та төсөөлөхгүй дээ. Гэхдээ тэр үед ч итгэл найдвараа алдахыг хүсээгүй. Менежер Жорж Ламбтайгаа танилцсан нь миний хувьд амьдралын чухал үйл явдлуудын нэг.
-Алдартай дуучны охин байх нь таны алдрын замналд хэрхэн нөлөөлсөн бол?
-Тийм ээ. Аав маань надад их тусалдаг байсан ч хүмүүс Лилиг Кэйт Аллены охин гэж хүлээн авахад их дургүй байсан. Тэгээд ч одоо өөрийнхөө нэрийг аавынхаасаа салгаж чадсандаа баяртай байдаг.
-Та дуучин хүн. Харин хэр чадварлаг хөгжимчин бэ?
-Би сургуульд байхдаа гитар, төгөлдөр хуур тоглож сурсан. Мөн ноот уншиж мэддэг. Гэхдээ гэрийн даалгавраа байнга хийдэг байсан бол одоогийнхоос сайн хөгжимчин байх байсан биз.
-Таныг их яриасаг хүн болохыг бид мэднэ. Хэзээ нэгэн цагт бодолгүй хэлсэн үгдээ одоо харамсах тохиолдол бий юү?
-Байлгүй яахав. Ялангуяа над шиг чалчаа хүний хувьд тийм тохиолдол олон. Яах гэж тэгээд хэлэв дээ гэж харамсах үе цөөнгүй гардаг. Тиймээс ч үгээ цэгнэхийг хичээдэг. Гэхдээ нэг их бүтэлтэй болохгүй л байна.
-Гэрийнхэндээ зориулж бичсэн зарим дууг тань дэлхий нийтээрээ сонсдог. Үүнийг тэд хэрхэн хүлээн авдаг вэ?
-Тэд үүнд дургүйцдэггүй. Харин Алфи дүү маань эхэндээ уурласан ч сүүлд нь ойлгосон.
-Юу ойлгосон гэж?
-Миний түүнд хэчнээн их хайртай, анхаарал тавьдаг болохыг ойлгосон. Гэрийнхнээс эмээ маань л энэ тухай огт мэдэхгүй.
-Яагаад?
-Тэр намайг дуучин гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ тэр интернэт ашигладаггүй, зурагт бараг үздэггүй болохоор миний талаарх хов жив, элдэв зүйлсийг мэддэггүй юм.
-Амьдралд юу хамгийн чухал вэ?
-Миний хувьд алдар нэр гэдэг тийм чухал биш. Үнэнийг хэлэхэд, анх олны танил болоход хүмүүсийн хүндлэл, их мөнгө, хаа ч явсан дагах олны харц надад таалагддаг байсан. Харин одоо хайртай, дотнын хүмүүстэйгээ хамт байж, тэдэндээ анхаарал тавих нь хамгийн чухал гэдгийг ойлгодог болсон.
Б.Эгшиглэн