Эртний Хятадын нийслэл байсан Сиан хотын нисэх буудлын өргөтгөл засварын ажлын үеэр нэгэн цэрэг эрийн булш илрүүлжээ. Булшинд хүрэл тогоотой шөл, ваартай нэрмэл байсан нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байгаа аж. Шөлний дээд хэсэг нь хатсан ч шингэн нь бүрэн хатаагүй байсан нь сонирхолтой. Өмнө нь ингэж сайн хадгалагдсан энэ төрлийн олдвор бараг байгаагүй гэж судлаачид мэдээлсэн байна.
Шөл ийнхүү “шинээрээ” хадгалагдаж чадсаныг эрдэмтэд савтай нь холбон тайлбарлаж байгаа бөгөөд цаг хугацааны хувьд 2400 жилийн тэртээ чанасан хэмээн тогтоожээ. Саванд 24.5 см голчтой, 20 см орчим урттай тайрсан яс, гурил байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, гурилтай шөл байж. Түүнчлэн ваартай шингэн зүйлийг эрдэмтэд дарс хэмээн тодорхойлжээ.
Талийгаачийг өөр ертөнцөд очоод хоолтой, ундтай байгаасай хэмээж ийнхүү хоол, ундтай нь нутаглуулдаг ёс хятадуудад эртнээс уламжлалтай. Таван жилийн өмнө энэ газрын орчмоос археологичид мөн савтай гурилтай шөл илрүүлж, 4600 жилийн настай гэж тодорхойлсон байдаг. Дашрамд өгүүлэхэд, Чин, Хан, Тан гүрний үед Сиан хот 1000 жилийн турш эртний Хятадын нийслэл байжээ.
Ж.Эрдэнэ