Найман настай байхдаа “Lego” компанийн удирдлагад захидал бичин тус компанийн бүтээгдэхүүнээр тоглох дуртай тул ажилтнаар авна уу хэмээн хүсэж байсан жаал 15 жилийн дараа хүссэн ажилдаа оржээ. Түүнийг Сэм Жонсон гэдэг бөгөөд тод өнгийн хэсгүүдийг эвлүүлэх ажилд багаас шамдсан тэрбээр дээд сургуулиа загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөнийхөө дараа Дани дахь тус компанийн салбарт мэргэжлээрээ ажиллах болсон байна.
Энэ тухайгаа Жонсон “Би жаахан хөвгүүн байхаасаа л тоглоомын загвар зохион бүтээгч болмоор байна гэж аав ээждээ хэлдэг байсан. Мэдээ орсон цагаасаа л “Lego”-гийн тоглоомоор машин, барилга гээд өөрийн зохиомжоор эд зүйлс угсардаг байлаа. Саяхныг хүртэл өөрийн хүсэлд нийцүүлэн тоглодог байсан бол одоо дүү нартаа зориулан тоглоомын загвар зохиох боллоо” гэжээ.