Өнгөрөгч аравдугаар сард зохиосон “Алтан намар” хөгжмийн наадмын үеэр тоглосон хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдийг шалгаруулж, улсын санд худалдан авах шилдгүүдийг тодруулжээ. Эл уламжлал 2006 оны Засгийн газрын 115 дугаар тогтоол гарснаар тогтсон бөгөөд хөгжмийн том хэлбэрийн, дүрслэх урлагийн, хүүхдэд зориулсан гэсэн төрлөөр улсын санд бүтээлүүдийг худалдан авдаг юм. Энэ жилийн шилдгүүдийг хөгжим судлаачдын санал, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, БСШУЯнаас тодрууллаа.
Үүнд Ц.Нацагдоржийн “Эвэр бүрээний концерт”-ийн I анги, Х.Алтангэрэлийн “Ятгын концерт”, Т.СэрОдын “Алтан дуулга” симфони зураглал, Ц.Эрдэнэбатын “Эклога” симфони найрал хөгжимд зориулсан найраглал, П.Ганбатын төгөлдөр хуур, флейт, кларнетийн “Трио”, Д.Нацагдоржийн их хуурт зориулсан “Этгээд зураг”, Ш.Өлзийбаярын төгөлдөр хуур, симфони найралд зориулсан “Вариаци токкато”, Б.Шаравын төгөлдөр хуурын “Хөгжмийн элэглэлүүд”, Ч.Сангидоржийн хийлийн “Поэма”, Б.Бямбабаярын “Дэглий цагаан уул” симфони зураглал шалгарчээ.
Улсын санд багтах бүтээлүүдийн батламжийг энэ сарын 24-нд гардуулах юм.
У.ТЭНҮҮН