Японы Осакагийн их сургуулийн эрдэмтэд “Хувьссан хулгана” туршилтынхаа явцад санамсаргүй бөгөөд сонирхолтой нэгэн үр дүнд хүрчээ. Генд нь өөрчлөлт оруулсан хулгануудыг эвцэлдүүлж, хувьссан гөлчгий гарган авах туршилтын дүнд яг л шувуу шиг жиргэдэг амьтан мэндэлсэн гэнэ. Ийм хачин зүйл болохын чинээ төсөөлөөгүй байсан эрдэмтэд туршилтаа хэд хэдэн удаа давтахад мөн л жиргэдэг хулгана төрсөн байна.
Одоо тус лаборатори “дуулдаг” 100 хулганатай болжээ. “Бид гөлчгийнүүдийг нэг нэгээр нь “дуулуулж” шалгасан. Бүгд л төрлөөсөө өөр дуу авиа гарган, жиргэж байлаа. Шинэ үеийнхэнд санамсаргүй бэлэг барьж байна” гэж туршилтын багийн гишүүн Арикуни Ачимура мэдээлжээ. Юунаас болж хулгана жиргэх болсон шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байна.