46 настай америк эр Кэлвин Райт 41 жилийн турш чихэн дотроо сувд тээж яваагаа мэдээгүй аж. Тэрбээр энэ сарын эхээр багтраа өвчний улмаас Сент-Мэригийн эмнэлэгт ханджээ. Эмчийн үзлэгийн үеэр түүний чихэнд жижигхэн “хөвөн” байгааг илрүүлэн, авахыг оролдсон байна.
Гэвч тэр зүйл нь байрнаасаа хөдлөх тун дургүй байсан тул зургийг нь аваад эмч ихэд гайхсан гэнэ. Учир нь Кэлвин Райтын чихэнд сувд “ургасан” байжээ. Сувдыг “хясаа”-наас нь гаргахын тулд бичил хагалгаа хийсэн бөгөөд одоо түүний сонсгол хэвийн болсон аж. Биенээс нь гарсан сувдыг хараад Кэлвиний мартагдсан дурсамж сэргэж “Ээжийнхээ сувдан зүүлтийг дүү охинтойгоо булаацалдаж байгаад тасалчихсан юм.
Тэгсэн дүү маань асгарсан сувднаас аваад миний хоёр чих рүү чихээд байсан” гэжээ. Тэр үед ээж нь түүнийг дагуулан эмнэлэгт очиж, чихнээс нь сувдыг гаргуулсан ч нэг нь тийнхүү үлдсэн байжээ.