Гацуур мод, өвлийн өвгөн, цасан ширхгийг дүрсэлсэн шоколад шинэ жилийн амттаны жагсаалтад дээгүүр байр эзэлдэг. Тэгвэл одоо шоколадан гацуур Парис хотыг чимэглэх болжээ. Францын нарийн боовчин Патрик Рожер 9.75 метр өндөр, дөрвөн тонн жинтэй шоколадан гацуур урлаж, Гиннесийн номд нэрээ мөнхөлжээ.
Олны нүдийг хужирлаж буй уг гацуурыг бүтээхэд 65 хувийн цэвэр шоколад ашигласан бөгөөд 45.000 доллар зарцуулсан гэнэ. “Амтат гацуур хийхэд шоколадны чанар хамгийн чухал. Цемент мэт хатуу, өндөр зэрэглэлийн шоколадаар энэ бүтээлээ урласан.
Парист цаг агаар харьцангуй дулаан байна. Тиймээс гацуурыг хайлахаас өмнө хувааж, хүмүүст амтлуулна” хэмээн Патрик Рожер ярьжээ. Дашрамд дурдахад, энэ нь Патрикийн хувьд Гиннесийн номд нэрээ бичүүлж буй хоёр дахь бүтээл нь юм байна. Тэрбээр дөрвөн жилийн өмнө шоколадаар өндөр баримал урлаж дээд амжилт тогтоосон аж.
Б.ЭГШИГ