“Таван настай өвөө нар үнэхээр хөөрхөн, өхөөрдмөөр юм аа. Тийм жаахан байж том хүүхдүүдийн духыг яг л өвөө, эмээ шиг үнэрлэж байсан нь эгдүүтэй. Ер нь өвлийн өвөө гэхээр заавал том хүн байх албагүй юм байна. Тэд жинхэнэ өвөөгөөс илүү байлаа... Надад үдийн хоол нь хамгийн их таалагдсан... Маргааш хүртэл хоночихвол бүр гоё байхгүй юу...”. Олон улсын “Найрамдал” төвийн сүлд модны наадамд оролцоод буцаж яваа хүүхдүүд автобусанд ийнхүү ярилцаж байлаа.

Гадаа 26 градусын хүйтэн тачигнаж, автобусны цонх цанатаж, жиндүү байсан ч хүүхдүүд аз жаргалтай өнгөрүүлсэн нэг өдрөө дурссаар. Сүлд модны наадмын гол баатар Азжаргал хүүд тусалдаг шидтэн шиг нэг хүслийг нь биелүүлнэ гэвэл тэд ер нь тэндээ үлдэхийг хүсэх байсан болов уу. Олон хүүхдэд насан туршид нь мартагдахааргүй нэг өдрийг бэлэглэсэн “Найрамдал”-ын хамт олонд талархаж, “Браво” гэмээр байна. Дахин дахин “Браво”.
Олон улсын “Найрамдал” төвийнхөн найм хоногийн турш өдөр бүр 300 хүүхдэд зориулан тусгай хөтөлбөртэй сүлд
модны наадам зохион байгуулж байгаа билээ. Хүүхдүүдийг 09.30 цагт “Драгон” төвийн урдаас хамгаалалттай автобусаар авч яваад 17.30 цагт тэр л журмаараа тухайн газартаа буцаан хүргэж байгаа юм. Өнөөдөр онцгой өдөр байлаа.
Зул сарын баяр тохиосон энэ өдөр нийслэлийн шилдэг сурагчид болон дүүргүүдийн халамж үйлчилгээний төвийн урилгаар 225, Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын урилгаар 50 гаруй хүүхэд тус төвийн зочин болж, энэхүү арга хэмжээнд оролцов. Тэдний зардлыг “Найрамдал” төвөөс даасан юм. Зорьсон газраа ирсэн хүүхдүүдийг 10 багт хувааж, тус бүр нэг багшаар удирдуулав. Тэд чаргаар гулгаж, олс татаж, хүслээ шивнэсэн онгоц хөөргөж, одон орны шидэт ертөнцөөр аялах зэргээр өөрийн сонголтоороо олон арга хэмжээнд оролцсон.
Үүнээс зургийн уралдаан, оюуны чадамж сорьсон наадгай, асуулт хариултын тэмцээнд хүүхдүүд илүү идэвхтэй оролцлоо. Цаасаар онгоц хийж, дээр нь нууцхан хүслээ бичээд таазанд өлгөсөн хайрцагт шидэж оруулбал ирэх онд хүссэн бүхэн нь биелнэ хэмээхэд хүүхдүүд тун мэрийн онгоцоо хөөргөж байлаа. Ирэх замдаа автобусанд бөөлжих гээд багагүй сандаргаж байсан Налайхын 109 дүгээр сургуулийн IV ангийн сурагч О.Жахавалын хүслийг тээсэн онгоц анхны нислэгээрээ товлосон газартаа оновчтой буулт хийлээ.
Түүний нүд гялалзан “Эгч ээ, би ирэх жил аз жаргалтай байх нь ээ” хэмээтэл Багахангайгаас ирсэн Э.Сэрээтэрийн онгоц ч мөн зөв “газардав”. Тус төвд анх удаа ирээд олон найзтай болсон тэрбээр “Энд ирсэн хүүхдүүдийн эв нэгдэл нь сэтгэл татаж байна. Үргэлж ийм сайхан байгаасай” гэв. Хүүхдийг цагаахан, шинэхэн цастай зүйлэдэг шүү дээ. Үнэхээр энэ өдөр тийм л шинэхэн, цэвэрхэн агаарыг санагдуулам байсан юм. 10 гаруй үйл ажиллагаа зэрэг явагдаж энд цугласан 300 хүүхэд ёстой л шавиагаа ханатал тоглож наадаж, хэн нэгнээс хараат бус хүүхдийн ертөнцийг цогцлоолоо. Үдийн хоолны цаг боллоо.
Баг бүр уриагаа хэлж, үдээс өмнө юу хийж бүтээсэн хийгээд хэн нь ямар тэмцээний аварга болсон гээд ярих юм мундахгүй хүүхдүүд хоолоо амтархан иднэ. Нөгөөдөр хүртэл найм хоногийн турш үргэлжилж байгаа энэ арга хэмжээний үеэр тус төвийн 20 гаруй тогооч олон сайхан хоол, ундаа бэлтгэж, хүүхдүүд үүнээс нь сонголтоороо хүртэв. Бялуу, чихэр, жимс, тахианы шарсан мах, салат гээд баярын ширээн дээр байх ёстой бүхэн энд байна. Хүүхдүүдийн хүсэн хүлээсэн сүлд модны наадам энэ өдрийн хамгийн гол баяр нь. “Зул сар хулгайлагдсан нь” сэдэвтэй наадам хоёр бүлэг, 13 үзэгдэлтэй. Ерөнхий найруулагчаар нь тус төвийн дэд захирал, УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат ажиллаж, энэ байгууллагын үе үеийн багш нар боломжийнхоо хэрээр чармайсан гэсэн.
“Найрамдал”-ын сүлд модны наадмын гол баатрууд болон урлагийн тоглолтын үзүүлбэрийг хот, хөдөөгөөс урлаг, спортын амжилтаараа шалгарсан шилдэг сурагчдын тоглолт бүрдүүлдгээрээ онцлогтой. Энэ уламжлалын дагуу “Зул сар хулгайлагдсан нь” жүжигчилсэн тоглолтод “Зөнгийн од” хүүхдийн наадмын шилдгүүд болсон “Анжелес” хамтлаг, “Цоглог” студийнхэн, Хэнтий аймгийн Бэрх тосгоны болон Дорноговийн дуучин охидоос гадна Дархан-Уул аймгийн “Sway” цэнгээнт бүжгийн хамтлаг, Сэлэнгэ аймгийн авьяастнууд, Замын-Үүдийн “Говийн уянга” бүжгийн хамтлаг, Хөгжим бүжгийн коллежийн ардын хөгжимчид гээд 80 гаруй авьяастан оролцсон юм.
Сүлд модны наадмын шигтгээ нь таван тивийг төлөөлсөн, таван настай, таван бяцхан өвөө байлаа. Ээжийнхээ энгэрээс зүүгддэг насандаа өвөө “болж”, өрөөсөө том ах эгч нарынхаа духыг үнэрлэн мялааж байсан тэд үнэхээр өхөөрдөм. Наадмын хүндэт зочин НХХ-ын сайд Т.Ганди “Өвлийн өвгөн аав айсуй гэхээр нь цасан охидоо дагуулсан, цал буурал сахалтай уламжлалт өвгөн л орж ирэх нь гэж бодсон. Тэгсэн ийм хөөрхөн, эгдүүтэй таван “өвөө”-г хараад эрхгүй инээд алдлаа.
Ямар хөөрхөн юм бэ. Яасан зөв шийдэл вэ” хэмээн найруулагчид онц дүн тавилаа. Уг нь наадамд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ирэх ёстой байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас бие төлөөлөгчөө илгээсэн юм. Т.Ганди сайд тэднийг төлөөлөн хүүхдүүдтэй мэндчилж “Үлгэрийн мэт шинэ жилийн баярт уригдсандаа баяртай байна. Засгийн газраас шинэ онд олон ажил хийхээр төлөвлөсөн. Аав, ээж нар нь ажилтай, орлоготой байж, ядуу айл, ядуу хүүхэд гэж байхгүй байгаасай гэж бид хичээн ажиллаж байгаа. Улс эх орноо хөгжүүлэхэд хүүхэд та нарын ч оролцоо чухал. Хөгжлийн төлөө хүн бүр хичээцгээе” хэмээсэн нь хүүхдүүдийн сэтгэлтийг дулаацуулсан нь илт.
“Ашгүй аав маань ажилтай болох нь” гэж нэг охин эрхгүй уулга алдсан бол нөгөө нэг нь “Аав, ээжийн цалин нэмэгдвэл бид гэртээ дулаахан байна даа” гэлээ. “Зул сар хулгайлагдсан нь” тоглолт эхэллээ. Тоглолтод хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатруудаас гадна Эко баатрууд хүрэлцэн иржээ. Энэ жилийн наадам байгалиа хамгаалах сэдэв дор явагдаж байгаагаараа онцлог. Тиймээс үндэсний Эко баатруудыг тэд “эх барьж” авсан юм билээ. Аз жаргал хүү, хүсэл биелүүлэгч шидтэнтэй гарч ирээд “Гайхам сайхан бүхнийг нэгтгэн Газар дэлхийдээ ээлтэй бүхнийг авчрах Аз жаргалын баяр-шинэ жилээ Андуудтайгаа хамтдаа тэмдэглэх нь тун сайхан хэрэг” хэмээн сайхан зүйл төлөвлөснөө дуулгана.
Үлгэр үргэлж сайхнаар төгсдөг ч атгаг санаатангүй бол үлгэр биш шүү дээ. Энэ үеэр “Алиса гайхамшгийн оронд” үлгэрийн Улаан хатан, атгаг муу санаатай Гринч гарч ирээд тэдний төлөвлөгөөг тасалдуулахаар ярилцана. Цасан дагина, Мөсөн ноёнтон хоёр харин тэдний санааг дэмжсэнгүй. Байгаль дэлхийгээ хамгаалах тухай байнга ярьдаг ч хүмүүс амлалтаа биелүүлдэггүй. Тэгээд ч эх дэлхий маань экологийн сүйрэлд нэрвэгдэж байгаа энэ үед баяр наадам зохион байгуулах нь зохисгүй хэмээн учирлан Улаан хатан Гринчид даалгавар өгч, Зул сарыг барьж, хорихыг тушаав. Гринч даалгавраа дэндүү “сайн” биелүүлж, наадамд уригдсан баатруудыг хүртэл барьчихав.
Энэ мэтээр “Найрамдал” төвийн спорт танхим үлгэрийн ертөнц болон хувирч, олон үйл явдал өрнөлөө. Сүлд модны наадмын үлгэр Эко баатрууд болон шидтэний тусламжтайгаар сайхнаар төгсдөг. Үлгэрийн төгсгөлд баатрууд танхимд цугласан хүүхдүүдээс “Байгалиа хамгаалахыг тулд аях ёстой вэ” гэж асуухад “Хог хаяхгүй байх, мод, зүлэг тарих, усаа хэмнэх, сайн үйлс бүтээх” гэхчилэн хариулсан нь энэ арга хэмжээний гол тайлал болсон. Эх дэлхийгээ хайрлах ухаан манай хүүхдүүдэд хэдийнэ суусан нь харагдаж байсныг онцлох хэрэгтэй болов уу. “Найрамдал” төвийн сүлд модны наадмын найруулагч Б.Отгонбат “Хүүхдийн ертөнц цагаахан байдаг болохоор тэдний төлөө зохион байгуулж байгаа бүхэн саадгүй сайхан бүтдэг юм.
18 дахь жилдээ энэ арга хэмжээг зохион байгууллаа. Хүүхэд бүр үлгэрт дуртай, бас итгэдэг шүү дээ. Тэгэхээр үлгэрээр дамжуулан тэдэнд ухаарал өгөх нь илүү үр дүнтэй байдаг шиг санагддаг. Манай энэ удаагийн арга хэмжээнд олон сайхан авьяастай хүүхдүүд оролцож байгаагаас 15 настай Т.Амарсаясгаланг онцолмоор байна. Бүтэн өнчин тэр хүү ирээдүйд нэлээд юм дуулгана даа. Маш чадалтай тенор гарна” гэлээ. Түүний найдвар тавьж буй ирээдүйн дуучин хүүтэй уулзлаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас ирсэн тэрбээр “Нюанс” хамтлагийн фэн. Тэдний уран бүтээлд багтсан хэд хэдэн дууг нь өөрийхөөрөө амилуулсан юм билээ. Энэ тоглолтод нэг дууг нь дуулсан.
-Отгоо багш нь чамд их найдвар тавьж байна. Ирээдүйд дуурийн дуучин болно гэл үү. Яагаад заавал энэ төрлийг сонгосон юм бэ?
-Би нэгдүгээр ангид байхаасаа л дуулж эхэлсэн. Дуурийн урлаг сэтгэлийг минь яагаад татдагийг сайн мэдэхгүй. Нэг л сайхан байдаг юм. “Нюанс” хамтлагийн ах нарын дуулж байгааг сонсох дуртай. Отгоо багш маань намайг тэдэнтэй уулзуулж, мэргэжлийн зөвлөгөө өгүүлсэн. Энэ дашрамд, Отгоо багшдаа, “Дэлхийн зөн”-гийн Оюунчимэг багшдаа талархаж байгаагаа дамжуулъя. Түүнчлэн ганц ахдаа баярлаж явдгаа уламжилъя. Би ахтайгаа амьдардаг гэв. Хүү үнэхээр гайхалтай хоолойтой юм билээ.
Одоогоор урын сандаа зургаа, долоон дуутай гэсэн түүнийг том амжилт хүлээж байгаа. Няцаж, шантралгүй зорилгодоо хүрээрэй гэж “Өнөөдөр” сонины хамт олон хүсье. Бүтэн өдрийн турш жаргалтай сайхан мөчүүдийг өнгөрүүлсэн хүүхэд бүр энэ наадмын гол баатар байсан. Гэртээ харихаар автобусанд суусан хүүхэд бүр уут дүүрэн амттантай бэлэг барьжээ.
Найман хоногийн турш өглөөнөөс үдэш хүртэл хүүхдүүдийг баярлуулахаар борив бохис хийлгүй ажиллаж байгаа “Найрамдал” төвийнхөнд баярлалаа. “Браво “. Энэ бүх ажлыг амжуулж, зохион байгуулж байгаа тус төвийн ерөнхий захирал Т.Түвшингийн үгээр энэ өдрийн сурвалжлагаа өндөрлөе. “Манай хамт олон өнгөрч буй оноо чанарын жил болгон үйлчилгээндээ анхаарч ажилласан.
Ирэх онд бид олон улсын стандартыг хэрэгжүүлэх том зорилт тавьсан. Манай хамт олон хүүхэд багачуудаа тав тухтай байлгахаар хичээн ажиллах болно. Шинэ ондоо аз жаргалаар дүүрэн байгаарай” гэлээ. Дашрамд дуулгахад, тус төвийнхөн ирэх зун 625 суудалтай ордноо ашиглалтад оруулж, 2011 оны наадмаа тэрхүү байрандаа хийхээр төлөвлөж байгаа юм билээ.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ