“Сайн барилдаж байгаад дэлгэрэнгүй ярилцлага өгье” хэмээн инээсээр Харүмафүжи Д.Бямбадорж сэтгүүлчдээс дөлсхийв. ”Монголын нууц товчоонд нэвтрэхүй” реалити шоу зохион байгуулах санаачилгыг түүний ах Д.Баасандорж, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг нар санаачлан, Харүмафүжи шалгарсан иргэдийг урамшуулахаар болжээ. Зохион байгуулагчдын бэлтгэсэн асуултад үнэн зөв хариулж, тэргүүн байр эзэлсэн ялагчийг Японы “Эдо культурал центр” сургуульд сургах тухай захирал Назакаватай тохиролцсоноо Харүмафүжи Д.Бямбадорж дуулгалаа. Реалити шоуны талаарх мэдээллийн дараа түүнтэй уулзаж, цөөн асуултад хариулт авав.
-Юуны өмнө анхны үрийнхээ зулайг үнэрлэн аав болсонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Хүний амьдралын хамгийн баярт мөчийн нэг нь анхны хүүхдээ тэврэх шүү дээ. Та охинтой болсноо дуулаад юу бодсон бэ?
-Мэдээж, маш сайхан, юутай ч зүйрлэшгүй жаргалтай байсан. Гэхдээ би гэр бүл, охиныхоо тухай олон нийтэд дэлгэмээргүй байна.
-Сүүлийн үед манайхан эрүүл мэндийн салбар өнд өр хөгжсөн орныг зорих болсон. Танай гэр бүлийн хүн Монголд төрсөн гэл үү?
-Монгол хүн эх орондоо, уул усныхаа ойр байж төрөх учиртай биз дээ. Бид тэгж бодоод л ийм шийдвэр гаргасан.
-Та өмнөх сарын башёд бэртэл аваад сайн барилдаж чадаагүй. Бэртэл тань эдгэсэн үү. Одоо удахгүй шинэ оны башё эхлэх нь. Бэлтгэл хийж амжиж байна уу. Аль эсвэл даавуу угаагаад завгүй байгаа юу?
-(Инээв) Бэртлээ монгол аргаар эдгээхээр эх орондоо ирсэн. Тан уугаад дээрдлээ. Өнөө маргаашгүй буцах гэж байна. Японд очоод шууд бэлтгэлдээ орно. Хэн сайн бэлтгэл хийж, дэвжээн дээр авхаалж самбаа гаргана, тэр хүн амжилт гаргадаг шүү дээ.
-Монголчууд сүмогийн дэвжээнд амжилтаараа тэр гүүлж байна. Доод зиндаанаас ч сайн бөхчүүд түрэн гарсаар байгаа. Японоос сайн бөх гарч байна уу?
-Бүгд л хүч тэнхээтэй сайн бөхчүүд. Япон, монгол гэж ялгалгүй бөх гэдэг нүдээр биднийг харж, үнэлж дүгнэж байгаасай гэж боддог.
-Би сайн барилдаж байгаад ярилцлага өгнө гэж та хэллээ. Өөрийнхөө амжилтад сэтгэл дундуур байна уу?
-Озэки болсноосоо хойш олигтой сайн барилдаан үзүүлж чадахгүй байгаа. Бэлтгэлээ сайн хийж, сайхан барилдаан үзүүлэхийг хүсэж байна. Би хичээх болно оо.
-Монголын сүмочид Японы иргэншил хүсэж байна гэсэн мэдээлэл байсхийгээд л хэвлэлээр гарах юм. Таны талаар ч тийм сураг гарсан. Монгол бөхчүүдээ харийн орны хүргэн болчих вий гэж харамлах сэтгэлээр бичиж байгаа байх л даа.
-Миний тухай тийм мэдээлэл гарсан уу, би үзэж амжаагүй л явна. Миний эхнэр, хүүхэд, ээж, ах дүү бүгд эх орондоо ажиллаж, амьдарч байгаа шүү дээ. Би тэгж л хэлье дээ.
-Их аварга Асашёорюү зодог тайлаад сурахын хажуугаар бизнес эрхэлж байна. Кёкүшюүзан төр тү-илцэж явна. Цаашдаа ямар чиглэлээр сурч, ажиллах бодолтой байна вэ?
-Би өөрт чинь хэнд ч хэлээгүй нэг мэдээлэл өгөх үү. Би оюутан шүү дээ. Цагдаагийн академийн нэгдүгээр дамжааг төгссөн. Аав маань цагдаагийн байгууллагад амьдралынхаа олон жилийг зориулсан гэдгийг хүмүүс мэднэ. Хүн хуулиа мэдэж ажил, амьдралаа авч явах ёстой болов уу.
-Та “Монголын нууц тов чоонд нэвтрэхүй” реалити шоуны ялагчийг урамшуулахаар болжээ. Юуны учир хамтран ажиллах болсон юм бэ?
-Би “Монголын нууц товчоо”-г уншаад омогшдог. Би ийм хүчирхэг өвөг дээдэстэй, хөх Монголын үр сад юм шүү гэдгээ мэдэрдэг. Тиймээс энэ номыг шууд цээжлэх бус уншиж ойлгож, өөрийн гэсэн дүгнэлтээ залуус өгөөсэй, эх орноороо бахархаасай гэсэндээ энэ шоуг дэмжлээ. Түүхээ уншиж судлах, Японд сурах хүсэлгүй хэн байх билээ. Зөвхөн нэг ялагчийг бус, хэд хэдэн хүнийг урамшуулах бодолтой байгаа.
Айл бүхэн энэ номыг хоймортоо залж, учир утгыг нь мэддэг болоосой гэж хүсдэг. Японд Даваажаргал, Санчирболд гээд бидний хэдэн монголчууд орой хоолонд хамт орохдоо түүхээ яриад маргалдаж, мэтгэлцдэг юм. Маргаан маань ширүүсэж, үнэн худлыг шалгуулах гэж тэнд сурдаг түүхийн ухааны доктор өвөрмонгол багш руу утасдаж байсан удаатай.
Манай залуус хүний нутгийн сайхныг бахдаж, даган дуурайх бус, өөрсдийн үүх түүхээ хэнээс ч илүү мэдэх учиртай гэж би боддог.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Шинэ онд сайн барилдаарай.
-Сайн барилдаад, ярих зүйлтэй ирээд дэлгэрэнгүй ярилцлага өгнө өө.
Х.ОЮУНСҮРЭН