Хүрээлэн буй юмс үзэгдлийн дүрс, хэлбэр болон хавтгай орон зайтай өнцгүүд хэрхэн харьцаж буйг хийсвэрлэн, дүрслэх урлагийн орчин үеийн чиглэл болох контемпорари урлагаар илэрхийлсэн “Орон зайд орших өнцгүүд” үзэсгэлэн Занаду Арт галерейд нээгдлээ.
Зураач Ё.Далх-Очир өөрийн бүтээлээ “Аливаа зураасын огтлолцол бүхэн өнцөг үүсгэдэг, тэгвэл хэлбэр бүхэн өнцөг булангаар үргэлжилж болох юм. Энд ямар нэгэн гаргалгаа гаргахыг зориогүй бөгөөд өөрийн бодол санааг хийсвэрлэн бүтээсэн билээ” хэмээн тайлбарласан юм. Тэрбээр бүтээлүүддээ “Материйн задардаггүй 12 эгэл бөөмс болох 6 кварк, 6 лептон”, “Буланд байрлах хар өнцөг” зэрэг содон нэр өгчээ.
Зураач Ё.Далх-Очир гаднын олон улс оронд өөрийн үзэсгэлэнгээ нээж Монголын орчин үеийн дүрслэх урлагийг сурталчилдаг. Түүнчлэн Занаду арт галерейд өмнө нь “Мессеж” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжилнэ.
Ж.СЭЛЭНГЭ