Америк дахь монголчуудын “Даяар Монгол” цахим сонин уншигчид, нийтлэлчдийнхээ саналаар 2010 онд онцлох 10 үйл явдлаа тодруулжээ. Тус оронд буй монголчууд хүн амын тооллогод хамрагдсанаа хамгийн том ололт хэмээгээд нэгдүгээрт нэрлэсэн байна. “Эх орны хөгжилдбидний оролцоо” чуулга уулзалтыг тэд мөн онцлох үйл явдлаар нэрлэлээ.
Улаанбаатар хотод өнгөрсөн зун зохиосон уг чуулганд АНУ дахь “Монгол Соёлын төв”-ийн тэргүүн, АНУ-ын Конгрессийн номын сангийн мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ, “Симко инкорпорайт”-ийн ажилтан Э.Жагдагдорж, “Мicrosoft” корпорацийн хэлтсийн дарга Л.Бат-Өлзий нар илтгэл тавьж, мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм. Хөгжмийн зохиолч З.Хангал агсанд зориулсан “Аяны шувуу” хүндэтгэлийн тоглолтыг Вашингтон, Чикаго хотод зохион байгуулсныг мөн уг жагсаалтад багтаажээ.
АНУ дахь монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "San Francisco-2010" тэмцээн, Сан Хосе хотод дэлгэсэн Чингис хааны үзэсгэлэн, Монгол судлалын IV бага хурал, зуны лекц, Монгол хэл, соёлын зуслан, уран зохиолын АМУЗ сэтгүүл, Alliance of Mongolian Associations байгуулагдсан нь мөн онцлох үйл явдал болжээ.
Б.ОЮУТАН