Хэвлэлийн хүрээлэнгээс сар бүр явуулдаг телевизийн судалгааны шинэ дүн гарчээ. Судалгаанд 15 телевиз, дөрвөн кабелийн сувгийг хамруулсан бөгөөд өнгөрсөн сард хамгийн эрэлттэй байсан нэвтрүүлгүүдийг тодруулсан байна. Нийслэлийн 500 өрх уг судалгаанд оролцож, мэдээний төрөлд UBS-ийн “City news”, танин мэдэхүйн ангилалд TV5-ын “Танин мэдэхүйн ертөнц” тэргүүлжээ.
Үзэгчдийн хүсэн хүлээдэг цэнгээнт нэвтрүүлгээр “Боловсрол” сувгийн “Монголын саятан” тодорч, МҮОНТ-ийн “Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-2010” нэвтрүүлэг спортын ангилалд өндөр үзүүлэлттэй гарсан бол хөгжмийн төрөлд “Боловсрол”-ын “Music town” шалгарлаа. BTV, Монголын бизнесийн зөвлөлийн хамтран хүргэдэг “Бид тэдний нүдээр” нэвтрүүлэг эдийн засгийн төрөлд хамгийн олон үзэгчтэйгээр шалгарлаа.