Даян аварга А.Сүхбат бөхийн дэвжээнээс зодог тайлсныхаа дараа хувийн амьдралаа өөрчилж, бизнесээ өргөжүүлэх болсон. Алдаатай, оноотой амьдрал нь түүнд алдар нэр, амжилт, азгүйдэл аль алиныг нь дагуулсан.
Тэрбээр саяхан төрсөн нутгийнхаа нэгэн уулыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар газар эзэмших гэрчилгээ авсан гэнэ.
Түүний энэ санаархал Монголоо гэсэн сэтгэлтэй зарим нэгэнд нь таалагдсангүй.
Хэдий хууль дүрмийн дагуу авсан ч “Харийн шуналтнуудаас эх орноо хамгаалж, тэмцэж олсон эцэг өвгөдийн минь газар шороо Монголын ард түмний өмч байх ёстой” хэмээн “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа даян аваргад эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тэрбээр байгуулагдаад удаагүй “Эрхэм хас” ТББ-аараа дамжуулан ард түмний хүндэтгэлийг ашиглан, нэр хүндээрээ түрий барьж байгаль өмчилдөг байдлыг зогсоохоор шийджээ.