“Оскар”-ын шагналт жүжигчин Анжелина Жолиг муугүй дипломатч болно хэмээн нэгдсэн улсын иргэд үздэг юм билээ. Түүний жүжигчин Жонни Депптэй хамтран тоглосон “Аялагч” кино энэ сарын 10-нд нээлтээ хийн, кино ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд буй. Энэ тухайгаа болон хувийн амьдралынхаа сониныг дуулгахаар тэр Ларри Кингийн нэвтрүүлэгт оролцжээ.
-Энэ кинонд тоглох шийдвэр хэрхэн гаргасан тухайгаас тань ярилцлагаа эхэлье.
-Өмнө нь огт хувирч байгаагүй шинэ дүрд тоглохсон гэж бодож суутал энэ кинонд тоглох санал ирсэн юм. Зохиолыг нь унштал их таалагдсан. Гэгээлэг, эмэгтэйлэг бүсгүйн дүрд тоглохын тулд би Парис, Венецид хэсэг амьдрах шаардлагатай болсон нь намайг татгалзах аргагүй болгосон. Түүнчлэн өмнө нь хамтарч үзээгүй найруулагч болон жүжигчин Жонни Депптэй хамтран ажиллах санал надад тун их таалагдсан.
-Хамтран ажилласны хувьд найруулагч Флорианы тухай бидэнд сонирхуулаач. Тэр ямар хүн бэ?
-Түүнийг ер бусын гэсэн нэг үгээр тодорхойлоход хангалттай. Үзэгчдийн сайн мэдэх “Бусдын төлөө амьдар” киног тэр найруулсан. Өнөө цагт уран бүтээл туурвиж буй шилдэг найруулагчдын нэг хэмээвэл өрөөсгөл болохгүй. Бас дэлхий дээрх хамгийн ухаалаг эр.
Гэхдээ тун найрсаг. Олон хэл төгс эзэмшсэн гэдгийг нь улс орнуудаар аялж байхдаа мэдсэн. Урлагийн талаар өргөн мэдлэгтэйн дээр, ажилдаа туйлын нямбай ханддаг. Түүнтэй хамтран ажиллаж байгаа хүмүүс өөрийн чадах хэрээр л хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Тэр киноны маш жижиг хэсэгт ч анхаарал хандуулан чухал ач холбогдол өгдгийг бүтээлийг нь үзэж байхдаа анзаарч болно.
-Харин та түүний шаардлагад нийцсэн жүжигчин мөн үү?
-Энэ удаагийн кинонд бол би шаардлагад нь нийцсэн. Венец, Парист зургаа авахуулж, Флориан, Жонни Депп нартай хамтран ажиллаж байхдаа би бүхий л авьяас чадвараа дайчилж, жижиг зүйлд ч ач холбогдол өгч, нямбай ажиллаж чадсан гэж бодож байна.
-Та Жонни Депптэй хамтран ажиллаж үзээгүй байх аа. Аль Пачино түүнийг хамтран ажиллаж байсан эрэгтэй жүжигчдээс хамгийн шилдэг нь хэмээн тодорхойлсон. Харин та түүнийг хэрхэн үнэлэх бол?
-Би Аль Пачинотой санал нийлж байна шүү. Миний хувьд ч бас хамтран ажилласан эрэгтэй жүжигчдээс хамгийн чадварлаг нь. Түүний тоглосон дүрүүдийг бид сайн мэднэ. Бүтээхэд амаргүй, барьцгүй зан араншинтай, содон өвөрмөц гэдгийг нь үзэгчид санаж байгаа болов уу. Зан араншингийн хувьд ч бусадтай адилгүй. Би түүн шиг зураг, хөгжимд дуртай, өөрийн сонголтдоо тууштай ханддаг хүнтэй бараг л тааралдаж байгаагүй.
-Жонни Депп “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа таныг тун энгийн нэгэн хэмээсэн нь олныг гайхашруулсан. Би таныг сайн мэднэ. Тиймээс ч түүний “энгийн” хэмээн тодорхойлсонтой санал нийлнэ. Харин хүмүүс яагаад тэгж их гайхширсан юм бол?
-Надтай таарсан хүн бүр л “Энэ солиотой мэт ертөнцөд түүнээс ч солиотой үйлдэл гаргаж байж л тэсэж үлддэг байх даа” гэдэг юм. Жонни намайг “Тун энгийн” хэмээн тодорхойлсон нь их хөгжилтай санагдсан шүү. Яг үнэндээ тэр ямар утгаар хэлснийг нь би сайн ойлгоогүй. Би өөрийгөө энгийн хүн эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Та эх хүн болсон, бас ажлаа хийгээд л эр нөхрөө халамжлаад явж байна. Энийг тань л энгийн гэж хэлсэн болов уу.
-Тийм ээ. Би сайн хүн байхыг хичээдэг. Би гайхалтай гэр бүлтэй хүн. Тэд - нийхээ ачаар ингээд бүхнийг амжуулж яваа тул өөрийгөө их азтайд тооцдог. Жонни ч бас сайн эцэг, хань, сайхан гэр бүлтэй нэгэн.
-Тэр бас таныг их зөрүүд гэсэн байсан. Тэр нь юу гэсэн үг вэ?
-Би түүнийг тэгж хэлэхэд нь чихэндээ ч итгээгүй. Би хэзээ ч түүний хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр яагаад намайг зөрүүд гэж хэлснийг нь ерөөсөө ойлгоогүй.
-Таны ажиллаж байсан түүх их сонирхолтой. Та хүнд дүр бүтээж, гайхалтай кинонд тоглодог. Академийн шагналыг Клинт Ийствүдтэй хамтран тоглосон дүрд тань олгосон байх. Сайн бүтээл болсон гэдэгтэй нь мэтгэх хүн үгүй биз. Гэхдээ “Салт” хамгийн муу адал явдалт кино болсон гэхэд хилсдэхгүй. Та хоёр алхам урагшилж, нэг алхам хойшлох зарчим баримталдаг юм биш биз дээ?
-Магадгүй шүү. Хэрэв болдогсон бол бүх хүн хамгийн хурднаар алдрын оргилд хүрэх байсан. Гэхдээ бидэнд боломж ганц л удаа олддог тул тэр бүртээ шинийг сурч, өөр зүйл хийхийг боддог. Харин би азтай жүжигчин. Найруулагчид, кино бүтээгчид надад бүхий л төрлийн эмэгтэйн дүрд тоглох боломж олгосон. “Орлон тоглогч” кинонд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, эрсдэлийг үл хайхрагч бүсгүйн дүрд тоглосон бол “Салт” гэх мэт кинонд зүгээр л хөгжилтэй эмэгтэйн дүр бүтээсэн.
-“Орлон тоглогч” их сайн бүтээл болсон. Тоглоход хэцүү байсан уу?
-Амархан байгаагүй. Гэхдээ л хөгжилтэй байсан. “Орлон тоглогч” кинонд анх Клинттэй хамтран ажилласан юм. Түүнээс өмнө танай нэвтрүүлгийн студид танилцаж байлаа. Хүлээлгийн өрөөнд хэдэн хором ярилцаад л түүнтэй хамтран ажиллахыг туйлын их хүсэж билээ. Тэр үед би түүний тоглосон бүтээлүүдийг үзэх хэчнээн дуртайгаа хэлээд амжсан. Энэ явдлаас хэдхэн сарын дараа би “Орлон тоглогч” киноны урилгыг хүлээн авч билээ.
-Түүнтэй хамтран ажиллах санал дахин ирвэл та зөвшөөрөх үү?
-Зүрх сэтгэлийнхээ угаас дахин хамтран ажиллахыг хүсэж байна. Миний бодлоор тэр энэ хорвоогийн хамгийн сайхан залуу, хамгийн сайн найруулагч. Клинт байгаагүйсэн бол би “Орлон тоглогч”-д сайн жүжиглэж чадахгүй байсан. Магадгүй “Оскар”-ын шагнал ч аваагүй суух байсан биз. Тэр надад их тусалсан. Дүрийнхээ мөн чанар, сэтгэлийн хөдөлгөөнийг нь ойлгох ухаанд сургасан.
-Брэд та хоёр Нью-Йоркт амьдарч байгаа юу. Танай гэр бүлийг папараццийнхны овоо хараанд байдаг гэдэг шүү дээ. Венецид ч зурагчид дагаж л байв уу?
-Тэгсэн. Яг л Нью-Йоркийн гудамжинд зурагчид биднийг хэрхэн дагадаг шиг, Венецид ч байдал ялгаагүй байсан. Венец шиг жуулчид холхисон хотод нам гүм газар олно гэдэг хэцүү. Гэхдээ тэр бүхнийг үл хайхран бид тэнд тухтай байж чадсан.
Хэрэв бусдын гэрт зочилбол гэрийн эздийн ая тухыг аль болох алдагдуулахгүй байхыг та бид хичээдэг. Тэр зарчмаар кино хийж байгаа нэрийдлээр венецчүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулахыг хүсээгүй. Тиймээс ч тэр тал дээр багагүй анхаарч, шаардлагатай гэсэн бүхий л арга хэмжээг авч байсан.
-Олон хүн цуглачихсан үед ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх боломж олдохгүй сөрөг талтай байх. Тийм үү?
-Тийм шүү. Азаар бид бусад хотод зураг авахуулахдаа завь эсвэл, өрөөн дотор зураг авахуулах хэсэг олонтой байж таарсан. Гудамжинд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хэсгийн зураг авахуулах амаргүй шүү дээ. “Орлон тоглогч” киног бүтээж байх үед надад гудамжинд уйлж хашгиран зураг авахуулах шаардлага гарсан. Тэгэхэд папараццичид шавчихсан, хүн ихтэй байсан шүү.
-Папараццичид оддын хүүхдүү- дийн зураг авах сонирхол ихтэй байдаг. Харин та энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?
-Би хүүхдүүдээ тэднээс аль болох хол байлгахыг хичээдэг. Аль болох халхалж, зурагчдын дурангаас нуудаг ч хэрэв зурагчид зургийг нь авч эхэлбэл хүүхдүүддээ “Санаа зоволтгүй ээ. Энэ айх зүйл биш. Тэд зүгээр л бидний зургийг авч байгаа юм. Тиймээс зургийн аппарат руу хараад инээмсэглээрэй” гэж хэлдэг.
-Европт авсан зургуудаа папараццичид сонинд нийтлээгүй гэсэн байх аа?
-Тийм ээ. Франц төдийгүй бусад орноор аялж байхад авсан зургаа тэд хэвлэлд нийтлээгүй. Шаардлагатай тохиолдолд хүүхдүүдийн маань нүүрийг гаргалгүй нийтэлсэн. Тэр нь надад их сайхан санагдсан.
-Зургаан хүүхэд өсгөхийн зэрэгцээ ажлаа амжуулан, нийгмийн ажилд идэвхтэй оролцож, томоохон арга хэмжээ бүрт нөхрийнхөө хамт оролцдог. Та яаж энэ бүхнийг амжуулдаг юм бэ?
-Брэд бид хоёр их азтай хүмүүс. Би хэдэн сар толгой өндийх завгүй ажилласны дараа юу ч хийлгүй гэртээ багагүй хугацаанд амардаг юм. Миний цагийн хуваарь бусад ээжийнхтэй адилгүй. Заримдаа хэний ч туслалцаагүй хоёроос гурван ажил амжуулах үе ч гардаг л юм. Гэхдээ энэ бүхэн надад хүнд хэцүү санагддаггүй. Брэд тун халамжтай, сайн эцэг. Бид гэр бүлийн ажлаа хамтран хийдэг. “Аялагч”-д тоглож байх үед Брэд л хүүхдүүдээ асарч байлаа. Гэхдээ ямар ч ажил гарсан бид хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол энэ бүхнийг эн тэнцүүхэн амжуулах.
-Би “Найм хангалттай” гэсэн ном уншиж байснаа тод санаж байна. Та хоёрын хувьд зургаа хангалттай юу?
-Мэдэхгүй юм даа. Би амьдралаа урьдчилан төлөвлөдөггүй. Бид их нээлттэй хүмүүс.
-Таны дараагийн уран бүтээлийг сонирхвол. ..
-“Кунфу панда”-д дуу оруулах гэж байгаа. Би энэ хүүхэлдэйн кинонд их дуртай. Бас нэг кино найруулахаар төлөвлөж байна. Сарын өмнө зохиолоо бичиж дуусгасан. Ирэх сард зохиолоо хянах юм.
-Ямар кино вэ?
-Босниагийн дайны тухай кино. Их олон өөр дүрийг бүтээлдээ шигтгэх гэж зорьсон. Дайны үеэр хүмүүс мөн чанараа, хүн ёсоо гээхгүйн тулд хэрхэн тэмцдэг тухай өгүүлэх юм. Тэдэнд өвчин зовлонгоос илүү итгэл найдвараа алдах нь ямар хүнд тусдагийг харуулна.
-Танд кино найруулах таалагддаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Би энэ ажилдаа хайртай. Зарим бүтээлд жүжигчид нэгдмэл биш, тус тусдаа зургаа авахуулаад л өнгөрдөг. Харин найруулагч бол кино багийн бүхий л гишүүнтэй харилцдаг, ажлын ихэнхийг нугалдаг хүн. Тиймээс би найруулагчдыг их хүндэлдэг.
-Кино найруулагчийн хүүхэд л гэсэн үг. Тийм үү?
-Би энэ ойлголттой санал нийлдэг.