Энэтхэгийн өмнөд хэсэгт амьдардаг Шрути Пандей хоёр жилийн өмнөөс йогийн хичээлийг томчуудад заах болжээ. Тэрбээр өдгөө зургаан настай. Йогоор хичээллэхэд тэсвэр, тэвчээр шаардахаас гадна хүн оюун ухаанаа маш сайн төвлөрүүлэх чадвартай байх ёстой хэмээдэг. 5-6 настай хүүхэд 10 минутаас илүү хугацаанд төвлөрч чаддаггүй онцлогтой.
Тэгвэл зургаан настай Шрути Пандей охин өглөө бүр 5.30 цагт босож, дасгалаа хийж, янз бүрийн насныханд хичээл заадаг гэнэ. Гэрийн эзэгтэйгээс эхлээд нэртэй бизнесмен хүртэл түүний шавь болжээ. “Йогийн дасгал хийж байгаа ахыгаа хараад түүн шиг болохыг хүссэн. Тэгээд аав ээж маань намайг йогийн сургалтад явуулсан” хэмээн багш охин ярьжээ. Түүний ах 11 настай Харш Кумах таван настай байхдаа Энэтхэгийн Гиннесийн номд бичигдсэн нэртэй нэгэн аж.