Монголын урчуудын эвлэлийн гишүүд хоёр оны заагт “Шинэ бүтээл” үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. 2010 онд бүтээсэн шинэ бүтээлээ дэлгэсэн эл үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. “Шинэ бүтээл 2010” үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлийг хамарсан уран зураг, баримал, зураасан зураг, чимэглэлийн урлагийн 160 гаруй бүтээл багтжээ.
Өнгөрсөн онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гадаад, дотоодын уран бүтээлчдийн 50 шахам үзэсгэлэн зохион байгуулж, давхардсан тоогоор 1500 гаруй уран бүтээлчийн 4000 орчим бүтээл нийтийн хүртээл болсон байна.
Эдгээр уран бүтээлчээс зураач Д.Бадамын “Цагаан суварганы зун” монгол зураг, залуу зураач Т.Баттулгын “Тэнцвэр” арьсан урлагийн бүтээл, барималч О.Очирболдын “Татах хүч” хүрэл баримал нь “Намар-2010” үзэсгэлэн, Б.Баярсайханы “Эрмэг” уран баримал, Залуу уран бүтээлчдийн “Алтан бийр-2010” үзэсгэлэн, зураач Д.Баттөмөрийн “Уулын үер”, Т.Найдандоржийн “Баатар” уран бичлэг, Л.Амарсанаагийн “Хөх Монгол” уран бүтээл “Бичиг соёл- 2010” үзэсгэлэнгээс тус тус шалгарч шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.
Мөн хилийн чанадад зохион байгуулдаг Олон улсын урлагийн наадам, үзэсгэлэнд манай уран бүтээлчид амжилттай оролцож, залуу зураач Д.Ганбаатар, Д.Эрдэнэбат, Х.Батбаатар нар алтан медаль, шилдэг бүтээлийн шагнал авсан байна. “Шинэ бүтээл 2010” үзэсгэлэн энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ.
С.Сэргэлэн