Богд хаант Монгол Улсын үед “Зуун лангийн жороо луус” хэмээх ардын дуу Төрийн дуулал байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхий сайд Т.Намнансүрэн Оросоос буу, зэвсэг авахаар очихдоо, ёслол хүндэтгэлийн үед үлээвэр хөгжим тоглуулдаг болохыг анх харжээ. Түүнд энэ хөгжмийн дуугаралт өвөрмөц сайхан санагдсан тул хэдэн үлээвэр хөгжмийг зэвсгийн хамт авчирчээ.
Үүний дараа орос мэргэжилтэн Монголд ирж Богд хааны торгон цэргээс 10 хүн сонгон, тэрхүү хөгжмийн зэмсгээр хэрхэн тоглохыг заасан аж. Үүний зэрэгцээ Оросын хайгуулын баг Монголд ирээд Богдын ногоон ордонд зочлон Цагаан хааны Төрийн сүлд дууллыг хөгжимдөн малгайгаа авч хүндэтгэл үзүүлжээ. Богд хаан тэр дууллыг хоёр удаа дахиулан тоглуулаад, өөрөө ч гэсэн тэднийг дуурайн хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Үүнээс үүдэн Богд хаан Төрийн сүлд дуулалтай болохоор шийдэж оросуудад хүсэлт тавьжээ.
Оросын элчээр дамжуулан Мариинский буюу өдгөөгийн ОХУ-ын төв театрын нэгдүгээр хийлч А.Кадлецэд Монгол Улсын Төрийн дууллыг зохиох үүрэг ногджээ. Түүнд тухайн үеийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс нэг дууны аялгуу өгсөн нь “Зуун лангийн жороо луус” байж. А.Кадлец түүнийг нь найруулж, бага зэрэг өөрчилснөөр 1915 онд энэ дуу Богд хаант Монгол Улсын Төрийн дуулал болжээ.