Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 1756 оны нэгдүгээр сарын 27-нд Австри улсын Зальцбург хотноо төржээ. Тэрбээр таван настайгаасаа хийл, төгөлдөр хуур тоглон, наймтайдаа аллегро, анданте, престо хэмээх гурван бүлэгтэй, бүрэн хэмжээний симфони бичжээ.
Моцарт амьдралынхаа турш 600 гаруй хөгжмийн зохиол туурвисан юм. Энэ жил түүний мэндэлсний 255 жилийн ой тохиож буйтай холбогдуулж ДБЭТ “Увдист лимбэ” дуурийг нь тавих гэж байна. Хоёр бүлэг, 11 үзэгдэлт уг дуурийг Германы Дортмунд хотын В.А.Моцартын нэрэмжит найрал хөгжмийн ерөнхий удирдаач Феликс Рейманн дохих юм. Тус хотын найрал хөгжим, ДБЭТ-тай 2014 он хүртэл хамтран ажиллах гэрээний дагуу тэрбээр иржээ.
Феликс Рейманн Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа ч манай хөгжимчдийг удирдах анхны тохиолдол нь энэ гэсэн. Тэрбээр найман настайгаасаа хөгжим тоглосон бөгөөд 20 жил удирдаачаар ажиллаж буй.
ДБЭТ-ын хэсэг уран бүтээлч ХБНГУ-ын Кёльн хотод болсон тоглолтод өнгөрсөн онд оролцсон бөгөөд энэ үеэр удирдаач Феликс Рейманн тэдэнтэй танилцаж, Монголын сонгодог урлагийн хөгжлийг үнэлэн хамтран ажиллах санал тавьсан юм билээ. Энэ удаа тэрбээр “Увдист лимбэ”-ийг дохиод нутаг буцна.
Тоглолт амжилттай болбол ирэх жил дахин ирж, В.А.Моцартын дуурийг удирдах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн Дортмунд хотын В.А.Моцартын нэрэмжит 45 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим Монголд тоглох боломжтой хэмээн ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн ярьсан.
Дашрамд дурдахад, “Увдист лимбэ” дуурийг анх Австрийн Вена хотын “Ауф дер Виден” театрт 1791 оны есдүгээр сарын 30-нд тогложээ. Манай тайзнаа 1993 онд Г.Эрдэнэбаатарын найруулгаар монгол хэлээр тавьсан түүхтэй.
Б.ЭГШИГ