Гэрийн тэжээмэл амьтдын дотроос хамгийн анхаарал халамж шаарддаг, ямбатай нь муур. Муур тэжээдэг хүмүүс үүнийг баталж, янз бүрийн жишээ хэлдэг. Тэгвэл Америкийн Охиогийн их сургуулийн малын эмч нар муур хэрхэн баашилдгийг харуулсан нэгэн судалгаа хийжээ.
Тэд нэг жилийн турш 20 муурны ааш аягийг ажигласан байна. Тэгэхэд тэрхүү амьтан хүслээ гүйцэлдүүлэхийн тулд элдэв бааш гарган эрүүл байсан ч өвчин туссан мэт жүжиглэдэг гэнэ. Эзэн нь түүнийг хайхрахгүй байх, орчин нь таалагдахгүй бол “өлсгөлөн зарлаж”, гүйж харайхаа больж, буланд шигддэг аж.
Харин эзэн нь анхаарал халамж тавьж, дуртай бүхнийг нь өгөхөд тайвширдаг юм байна. “Бусад амьтан ч ганцаардахдаа дээрхтэй адил шинжтэй болдог ч муур хамгийн зальтай нь. Гэхдээ энэ нь муурны төрөлх зан болохоор яах ч аргагүй” хэмээн судалгааны багийн ахлагч Тони Буффингтон ярьжээ.