Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн оны эцсээр болсон юм. Кубын үндэсний
баяр-хувьсгалын 52 жилийн ой одоо тохиож байна. Эдгээр түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулж Монгол-Кубын найрамдлын нийгэмлэг, Кубад сургууль төгсөгчдийн холбоо, Кубын ЭСЯ хамтран ХААН банкны Арт галерейд дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн өчигдөр нээв.
Куба, Монголын хэд хэдэн үеийн зураачдын бүтээлийг энд дэлгэж тавьсан байна. Кубын зураачдын нэрт төлөөлөгч болох Рэнэ Портокарреро, Амелия Пелаес, Мариано Родригес, Фаяад Хамис, Фелипе Лопес, Сервандо Кабрера болон залуу зураачдын зураг энд байна. Түүнчлэн Монголын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол, Европын Урлагийн холбооны шагналт зураач Н.Санчир, Дүрслэх урлагийн сургуулийн захирал, зураач Л.Бумандорж, залуу зураач Ө.Гандулам нар үзэсгэлэн зохион байгуулахад идэвхтэй оролцсон төдийгүй заримынх нь бүтээл энд олны нүд хужирлаж байна.
Бас дээр өгүүлсэн 50 жилийн ойгоор буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд Гавана хотноо гаргаж гүйлгээнд оруулсан шуудангийн шинэ марк үзэгчдийн хүртээл болж байна. “Cuba in Mongolia” үзэсгэлэнг нээх ёслолд БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Феблес Мирабалын хэлснээс үзвэл Куба улс хувьсгалын баяраа ихээхэн амжилтаар угтжээ. 2010 онд Кубын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.1 хувиар өсөж, бараа, үйлчилгээний экспорт нэмэгдэж, гадаадын жуулчдын тоо гурван саяд хүрсэн аж.
Үзэсгэлэн өнөөдөр, маргааш ажиллана. Дашрамд хэлэхэд, тус галерейд гурван жилийн хугацаанд 100 гаруй уран бүтээлчийн 400 орчим үзэсгэлэн гаргасан аж.
Р.ЖАРГАЛАНТ