Орон нутгийн иргэдэд мэргэжлийн байгууллагуудын урлагийн үйлчилгээ үзүүлэх зорилготой бас нэгэн төсөл энэ сарын 13-наас хэрэгжиж эхлэх гэж байна. 2008 онд “Эрдэнэт-Их урлаг” нэртэйгээр зохион байгуулж байсан төсөл энэ удаа ДарханУул аймагт үргэлжлэх гэж байна.
Урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй эл төсөл энэ оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд нийслэлийн томоохон зургаан байгууллага оролцох тоглолтуудын салхийг ЦДБЭЧ хагалах гэж байна. Тус чуулгын уран бүтээлчид Дархан-Уул аймагт дөрвөн удаа тоглох бөгөөд бэлтгэлээ базааж эхэлжээ.
“Дархан-Их урлаг” арга хэмжээ хоёрдугаар сард ҮДБЭЧ-ын тоглолтоор үргэлжлэх бол, гуравдугаар сард ДБЭТ, дөрөвдүгээр сард УДЭТ, зургадугаар сард Филармони, долдугаар сард Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид тус аймгийг зорино. Харин тавдугаар сард Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн улсын гуравдугаар уралдааныг зохион байгуулж, цаашид тус аймгийн нэрэмжит болгохоор төлөвлөжээ.
У.ТЭНҮҮН