Өнгөрсөн жил ҮДБЭЧ 60 жилийн ойн баяраа тохиолдуулан хүүхдэд зориулсан дуулалт жүжгийг тайзнаа тавьсан билээ. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваа, түүний хүү төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нарын хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг гэдэг хөөрхөн нэр” жүжгийн найруулагчаар Д.Ганболд ажиллаж, бүжгийг төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, Д.Баярбаатар, А.Даваахүү, О.Ууганбаяр, Ц.Энхт үвшин нар дэглэсэн.
ҮДБЭЧын бүжиг болон хөгжим, дууны ангийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хөдөлгөсөн эл бүтээлийг энэ сарын 10-14, 24,25-нд багачуудын хүртээл болгоно. Хүүхдэд зориулсан бүтээл учраас хөгжим болон дууны үг нь энгийн хэрнээ ойлгомжтой, тайз засалт хувцасны зохиомж нь ч багачуудын сонирхлыг татахаар болсон юм.
Эрх цэнхэр ишигний дүрд П.Мөнхцацрал бүжиглэж, Ц.Нарантуяа дуулах бол эх ямааны дүрд Б.Батчимэг бүжиглэж, Н.Амгалан дуулах юм. Уран бүтээлчид энэ удаа чуулгынхаа тайзнаа дуулалт жүжгээ тоглоно. Мөн сургууль, цэцэрлэг, аймаг сумдын урилгаар зохион байгуулалттай аялан тоглолт хийх боломжтой юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ