Австрийн алдарт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэсэн уран сайхны кино ирэх сард нээлтээ хийх нь. “Драмын дөрөв” нэрээр үзэгчдийн танил болсон УДЭТ-ын жүжигчин Н.Наранбаатар, С.БолдЭрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг нар хамтран уг киног хийж байгаа аж. Жүжигчин С.Болд-Эрдэнэтэй өчигдөр 16.50 цагт холбогдож энэ талаар тодрууллаа.
-“Драмын дөрөв” хамтран уран сайхны кино хийж байгаа тухай дууллаа.
-Тийм ээ. “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн эмэгтэй хүний амьдрал, хайр дурлал, баяр гунигийн тухай өгүүлсэн кино хийж байна. Өнгөрсөн жил кино зургаа авч дууссан. Одоо дуу оруулах ажил үргэлжилж байна. Ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөсөн.
-Та гол дүрд нь тоглож байгаа гэсэн үү?
-Гол дүрд залуу жүжигчин Долгор тоглосон. Би Ананд гэж залуугийн дүрд тоглосон. Найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж Амгаа, Эби болон ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин У.Уранчимэг, Г.Отгонцэцэг нар бусад дүрд тоглолоо. Манай кино хоёр дуутай. Нэг дууг нь Ц.Байдраг зохиож гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулсан. Нөгөөх нь хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, соёлын тэргүүний ажилтан Л.Чулуунбаатар нарын бүтээл.
-Яагаад энэ зохиолыг сонгож кино хийх болсон юм бэ?
-Монголын орчин үеийн кино зохиолууд ядмаг болсон. Түүнээс гадна энэ бол сонгодог зохиол. Бид шалдар булдар юм хийлгүй үзэгчдэд өгөөжтэй, юм хэлсэн кино хийхийг хичээсэн юм.
-Та яг одоо хаана ямар ажилтай явна вэ?
-Би “Бидэнтэй хамт” хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэдэг юм. Тэр ажлаа хийгээд л явж байна.
Ж.СОЛОНГО