Их Британийн зураач, барималч Жэми Вардли элсэн дээр урласан хамгийн том зургийг бүтээжээ. Түүний бүтээл гурван хэсэгтэй. Хэсэг бүр нь 800 ам метр талбай эзэлнэ гэхээр хэр том болох нь ойлгомжтой. Тэрбээр Брингтоны далайн эргийн элсэн дээр эдгээрийг долоо хоногийн турш урласан гэнэ. Элсэн зураг далай давалгаалахад бүдгэрсээр, алга болдог сөрөг талтай.
Тиймээс Жэмигийн бүтээлийг арилахаас нь өмнө үзэхээр олон хүн Брингтоныг зорьж буй гэнэ. “Би найман настайдаа Норвеги руу аялсан юм.
Тэгэхэд нэгэн барималч хэдхэн хормын дотор элсээр мистер Бен, Хатан хааны дүрийг урлахыг харсан нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Ингэж уран бүтээлч болох зам минь тавигдсан” хэмээн тэрбээр дурсжээ. “Хэрвээ бороо орж, далай хүчтэй давалгаалбал яах вэ” гэж хүмүүс түүнээс байнга асуудаг гэнэ.
Тэр үед Жэми багаж хэрэгслээ аваад зургаа сэргээдэг аж. Гэхдээ олон зассан ч энэ төрлийн зураг тун богино настай.
Харин Жэми үүнд эмзэглэдэггүй. “Магадг үй энэ нь үргэлж шинийг эрэлхийлэхэд нөлөөлдөг байх. Тэгээд ч бүтээлийнхээ зургийг авч, хийж буй үйл явцыг нь хальсанд буулгадаг болохоор бүтээлүүд маань ор мөргүй болсон ч яах вэ” хэмээн Жэми ярьжээ.
Б.Эгшиглэн