Чингис хааны байлдан дагуулалтын үеийг харуулсан түүхэн киноны тоог нэгээр нэмэх “Аравт” ирэх сард багтаан нээлтээ хийх гэж байна. Хоёр жилийн өмнөөс бэлтгэл ажлаа базааж, өнгөрөгч есдүгээр сард зураг авалт нь эхэлсэн тус киног цагаан сарын өмнө үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байсан юм.
XIII зууны үеийн цэргийн зохион байгуулалт, тэр дундаа Чингис хааны байгуулсан аравтын цэргийн зохион байгуулалтын тухай өгүүлэх тус киноны найруулагчаар манай талаас Д.Золбаяр, ӨМӨЗО-ы талаас У.Шагдарсүрэн ажиллаж байна. Харин гол дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Н.Онон, Б.Амарсайхан, Г.Алтаншагай, Ц.Цэрэнболд болон “Чингис хаан” олон ангит киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Баасанжав, Сорхон Шарын дүрд тоглосон Жамбал, С.Бодровын “Монгол” кинонд бөөгийн дүр бүтээсэн У.Аюур нар тогложээ.
У.ТЭНҮҮН