Дорноговь аймгийн говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын тайзнаа төвийн бүсийн долоон аймгийн шилдэг уран бүтээлчдийн “Хөгжлийн түүчээ” тоглолт өнгөрөгч бямба гаригт боллоо. “Саран хөхөө” театрын дуучин, гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц “Тольтой мөнгөн эмээл” дуугаар тоглолтын салхийг хагалж, эрэгтэй цөөхүүл “Жинжиймаа”-г “аргадлаа”.
Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” театрын гоцлооч Э.Бат-Эрдэнэ “Наранд наадсан Сэлэнгийн буудай”-г тэнүүн го вийн ээрэм талд хүргэхэд Дархан-Уул аймгийн дуучин Д.Бибиш “Аав ээж хоёр”- оо дурссан. Үзэгчид дуучдыг түрэн дуулж, тоглолтод өнгө нэмж байлаа. Говьсүмбэр аймгийн бүжигчин, соёлын тэргүүний ажилтан П.Цэрэнжаргал алдарт “Жалам хар”-ыг булгиулахад үзэгчид суудал дээрээ өндөлзөн байсан.
“Жалам хар”-ыг түүчээлж “Адуутай, айрагтай, найрагтай Аялгуут сайхан нутаг минь...” хэмээн Дундговь нутгийн дуучин соёлын тэргүүний ажилтан Д.Төмөр эгшиглүүлсэн бол Төв аймгийн Р.Бадралмаа, Б.Оюунбилэг нар “Хуримын дуу”-гаар хурсан олныг мялаав. Төвийн бүсийн зөвлөлөөс зохион байгуулж буй шинэ оны анхны арга хэмжээ их говийн цээл талаас ийнхүү эхэлсэн юм.
“Хамтдаа хөгжье. Хийх ажил, хэлэх үг, дуулах дуу, дугтрах хүчээ нэгтгэе” хэмээн Төвийн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Анхбаяр хэлэв. Энэ арга хэмжээг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хөгжлийн бодлогын хэлтсээс хамтран зохион байгууллаа.
Х.ЭРДЭНЭБУЛГАН