-Наран цэцгийг яагаад ингэж нэрлэсэн юм бол. Нарнаас өөр л харагддаг шүү дээ.
31 дүгээр цэцэрлэгийн Э.Халиунаа
-Наранцэцэг (Латин хэл: Helianthus annuus) нь багваахайн овогт багтах нэг наст ургамал юм. Үрийг нь хүнсэнд хэрэглэхээс гадна цэцэг нь том, үзэсгэлэнтэй тул хүмүүс тарих дуртай. Цэцгийнх нь үрнээс тос гаргаж авдаг. Хойд Америкаас гаралтай энэ цэцэг хоёр метр хүртэл өндөр ургах бөгөөд зун том шар өнгөтэй цэцэг дэлгэрнэ. Тэр цэцэг нарны хөдөлгөөнийг дагаж эргэдэг тул хүмүүс түүнд ийм нэр өгчээ.
Дөнгөж нахиалж байгаа үедээ л нахиа нь нар дагаж хөдөлдөг. Цэцэг дэлгэрэхэд өсөлт нь зогсож, нар дагаж хөдлөхөө больдог байна. Үр нь урт нарийхан, хавтгай хэлбэртэй. Тос гаргаж авдаг сортынх нь үр хар өнгөтэй байдаг бол, хүнсэнд хэрэглэдэг сортынх нь үр хар цагаан судалтай. Наран цэцгийг манай эриний өмнөөс индианчууд хүнсэндээ хэрэглэдэг байжээ. 1510 онд Америкт очсон испаничууд наранцэцгийн үрийг нутагтаа авчран, Мадридын ботаникийн хүрээлэнд тариалсан байна.
XVIII зуунд Франц, улмаар Орост тархсан гэдэг. “OIL WORLD” сэтгүүлийн судалгаагаар дэл хийд тариалдаг наранцэцгийн нийт хэмжээ тос гарган авдаг ургамлууд дунд буурцаг, рапс, хөвөнгийн дараа дөрөвт ордог гэнэ. Дэлхий дээрх наранцэцгийн талаас илүүг Европын улсууд тариалдаг. Үрийг нь гэрийн тэжээвэр амьтдын тэжээл болгон ашиглах нь бий. Сүүлийн жилүүдэд дизель түлш (биодизел) болгон ашиглахаар эрдэмтэд судалж байгаа. Тариаланч Ч.Мянганбаяр