-27 настай охин минь барьсан тавьснаа мартаад байх боллоо. Мартамхай болох нь мэдрэлийн эмгэгтэй холбоотой болов уу. Наркоз ой санамжид нөлөөлдөг гэж үнэн үү. Таван жилийн өмнө кесарево хагалгаа хийлгэж байснаас өөрөөр наркозонд орж байгаагүй юм л даа.
Баянзүрх дүүргийн ХII хорооны иргэн Х.Балжмаа
Наркозноос болж мартамхай болохгүй. Мартах, санах нь хүний тархинд байх ёстой үйл явц, гэхдээ тэнцвэртэйгээр. Хүн хэчнээн их мэдээлэл авч, цээжилнэ төдий хэмжээгээр мартдаг. Тэгэхгүй бол тархи хэвийн ажиллах аргагүй болно. Тэгэхээр өөр өвчингүй л бол тайван орчинд амарч байх ёстой.
Харин хэвийн амьдрахад саад болох хэмжээний мартамхай болж байвал эмчид үзүүлсэн нь дээр. Нэлээд хэдэн шалтгааны улмаас мартамхай болдог. Тухайлбал, тархины судас хатуурахаас эхлээд мэдрэлийн зарим эсийн бүрхүүл гэмтэж, эмгэг өөрчлөлтөд орсон бол мартамхай болж болно.
-П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн зүрхний мэс засалч Б.Болдсайхан