Сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар ярьж буй аж. Өмнө нь Ардын хувьсгалын ойн баярын өдрөөр л хүндэтгэлийн тоглолт хийдэг байсан юм. Энэ санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргах гэж байгаа тухай зарим эх сурвалж өгүүлэв. Энэ талаар Төрийн ёслолын албанаас тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгээгүй ч “Одоогоор тодорхой шийдвэр гараагүй учраас хэд хоногийн дараа эргээд хариу мэдэгдэнэ” гэсэн юм.
Харин ҮДБЭЧ-ын уран бүтээлчдэд өчигдөр Төрийн ёслолын албанаас тоглолтын захиалга илгээжээ. Үүнд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон”, Монгол ардын уртын дуу “Энх мэндийн баяр”, гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амарын найруулга “Татлагын холбоо” зэрэг 18 уран бүтээлийг нэр заан оруулжээ. Тэгэхээр Сар шинийн баярт зориулан урлаг, соёлын тоглолтоор бэлэг барихаар зэхэж буй нь үнэн бололтой.