Өнгөрөгч намраас үзэгчдийн хүртээл болж, бүжиг сонирхогч залуусыг зурагтын өмнө уях болсон “Монголын шилдэг бүжгийн хамтлаг” тэмцээний төгсгөлийн шалгаруулалт энэ сарын 16-нд болох гэж байна. МҮОНТ-ээс санаачлан зохион байгуулж буй уг реалити нэвтрүүлгийн эхний шатанд 20 хамтлаг өрсөлдөж байснаас өнөөдөр тав нь тунаж үлдээд байгаа аж.
Чөлөөт бүжгийн төрлийг олон нийтэд сурталчилж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт “АСА” циркт болох бөгөөд “Beat1family”, “Nova flame”, “PR”, “Hooliganz”, “Танд үйлчилнэ” хамтлагууд гурван сая төгрөг, “Дош” кинонд тоглох болон хамтлагаараа Диснейлэндэд аялж, клип хийлгэх эрхийн төлөө өрсөлдөх юм.