ОХУ-ын Рен-ТВ телевизийн “Званый ужин” нэвтрүүлэгт Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүү оролцлоо. Энэ нэвтрүүлэгт таван хүн оролцдог бөгөөд нэг нэгнээ ээлжлэн гэртээ урьж, сайхан амттай хоолоор дайлж уралддаг. Энэ удаагийн дугаарт Амархүү бусдыгаа Москва дахь байрандаа урьсан байна. Гэрийн эзэн материалаа өөрөө худалдан авч, баярын тансаг ширээ засан, 3 цагийн дотор гурван хоол хийх ёстой. Хоолны дараа зочдоо зугаацуулж, цэнгүүлэх үүрэгтэй бөгөөд зочид гарахдаа гэрийн эзэнд дүн тавьдаг юм.
Амархүү зочиддоо бууз, битүү шөл гарган жимстэй аарцтай бялуугаар дайлсан ч түрүүлж чадаагүй гэнэ. Түүний хийсэн буузыг хүмүүс хуушууртай адилхан болж хэмээн шүүмжилсэн бөгөөд Амархүү жинхэнэ монгол бууз гэж зүтгээд барсангүй. Нэвтрүүлгээр Амархүүгийн байрыг үзэгчдэд танилцуулахад ханандаа Чингис хаан болон өөрийнхөө зургийг хадаж, морин хуур өлгөсөн байв.
Амархүү сүүлийн үед ди жей ихээхэн сонирхдог болоод байгаа бөгөөд Москвагийн нэгэн шөнийн клубт дадлага хийж байгаа аж. Хоолны дараа түүний “Премьер министр” хамтлагийн найзууд нь ирж, гитар дарж дуулсны дараа Амархүү “Би ялна гэдэгтээ итгэлтэй байна. Ээж минь намайг хоол хийхдээ сайн гэж магтдаг.
Бурхан тэнгэр намайг үргэлж харж үздэг. Би ямар ч уралдаанд оросн хялбархан ялж чаддаг. Энэ тэмцээнд ч гэсэн адилхан” гэж итгэл төгс ярьж байсан ч зочид буузыг хутга сэрээгээр идэхэд хүндрэлтэй, кетчуп дуталдаж байна гэж шүүмжилсээр унагааж орхилоо. Аарцтай бялууг ч үзэмжгүй, хүнд, ширээний засалтыг муу хэмээн шүүмжилжээ. Хэдийгээр Амархүү түрүүлж чадаагүй ч үзэгчдийн саналаар тэргүүлсэн байна.
М.Сугараа