Монгол Улсад театрын урлаг үүссэний 80 жилийн ой энэ онд тохиож буй. УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлэн түүхэн ойгоо тэмдэглэх комисс байгуулан бүтээлч 80 ажил хийхээр төлөвлөсөн. Тиймээс 80 дахь үзвэрийн нээлтээ түүхэн жүжгээр эхлүүлж, Соёл урлагийн хороо, МЗЭ-тэй хамтран түүхэн жүжгийн уралдаан зарлаад байгаа.
Өчигдөр тус театрын удирдлага болон уран бүтээлчид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Ойг тэмдэглэх хүрээнд театрынхан нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажил хийхээр төлөвлөсөн юм билээ. Одоогоор улсаас өгөх санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаа ч уран бүтээлчид өөрсдийн боломжоор ойн баярын үйл ажиллагаагаа нийтэд мэдээлж, ажлаа эхэлж байгаа нь энэ.
Энэ арга хэмжээний хүрээнд телевиз, сонин хэвлэлүүд театрын ойтой холбогдуулж Монголын театрын урлагийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр амлалт өгч байсан. Тухайлбал, NTV телевизийн уран бүтээлчид алтан үеийн жүжигчид, найруулагч нарын тухай нэвтрүүлэг бэлтгэх бол TV5 телевиз орчин үеийн театрын урлагийн уран бүтээлчдийн тухай үзэгчдэд хүргэнэ гэсэн.
Тиймээс энэ оны турш үзэгч, уншигч, сонсогчид театрын урлагийн тухай өргөн хүрээний мэдлэгтэй болж цэнхэр дэлгэц болон сонины хуудсаар дамжуулан түүхэн жүжигчидтэй дахин учрах боломж бүрдэх нь ээ.
Ж.Сэлэнгэ