Америк, Герман, Франц, Орос, Турк, ӨАБНУ, Польш гээд олон оронд Монголын циркийн уран бүтээлчид тоглолт хийн, эх орноо сурталчилж яваа. Тэдгээрийн дотроос уран нугараачдын үзүүлбэр дэлхийд гайхагддаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Албан бус тоогоор гаднын орнуудад 100 гаруй уран нугараач тоглодог гэсэн.
Тэгвэл энэхүү тоо нэмэгдэж, “Шинэ цирк” төвийн нугараач охид удахгүй Испанийг зорих нь ээ. Тус улсын “Romantik” цирк, аялал жуулчлалын компанийн уран сайхны удирдагч Юри Арманович, Гран Канарын арлын салбар хариуцсан захирал Альвора Суарез нар уржигдар Монголд ирж, жүжигчдээ сонгон авсан юм.
-Монголд анх удаа ирж байна уу?
-Дөрөв дэх удаагаа ирж байна. Компанидаа Монголын циркчдээс сон гон ажиллуулахаар 2006 онд анх ирж байлаа. Жил ирэх тусам байшин барилга нэмэгдэж, Улаанбаатар хот өнгө нэмсэн нь мэдрэгдлээ.
-Тэгвэл циркчдийн ур чадвар хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Испани дахь Монголын циркчдийн тоглолт тун амжилттай болж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэд чадварлаг, сайн уран бүтээлчид гэдэг нь эндээс харагдах байх. Үзүүлбэрийн чанар, гүйцэтгэл жил ирэх тутам сайжирч буй нь харагдаж байна.
-Танай компанид хэдэн орны жүжигчид харьяалагддаг вэ. Монголчуудын онцлог нь юу бол?
-Манайд Монгол, Орос, Хятад, Болгар зэрэг ор ны уран бүтээлчид ажилладаг. Тэд цирк, томоохон зо чид буудал, далайн эрэг, аялал жуулчлалын төвөөр аялан тоглодог юм. Монголын “Шинэ цирк” төвийн уран нугараачид, тэнцвэр, хүч тамирын гайхамшгийн үзүүлбэр манай хөтөлбөрт багтдаг. Бусад оронд ч энэ төрлийн үзүүлбэрүүд байдаг л даа. Гэхдээ Монголын уран нугараачид дэлхийд хосгүй. Тэд хамгийн сайн нь гэж хэлж болно. Монголчууд хэдэн зуун жилийн түүхтэй хүчирхэг ард түмэн гэдгийг олон хүн мэднэ. Үүнийг харуулсан хүч тамирын үзүүлбэрийг хүмүүс дуу алдан хүлээн авдаг юм шүү.
-Энэ удаа ямар төрлийн үзүүлбэр авч явах вэ?
-Уран нугаралт, тэнцвэрийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг сонгосон. Тэд Мадрид хотод тоглолтоо тавина. Испанид Монголын циркийн 18 жүжигчин ажилладаг бол одоо 24 боллоо.
-Жүжигчдээ сонгохоос гадна юу хийхээр төлөвлөв?
-Гурав хоногийн хугацаатай ирсэн болохоор жү жигчдээ сонгоод л буцна даа. Монголд одоо их хүйтэн байна. Харин зун гэр бүлээрээ ирж амрах төлөвлөгөөтэй байгаа.
Б.ЭГШИГ