Түүнийг Б.Солонго гэдэг. Дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч. Сурахын хажуугаар “Эра” төвийн бэлтгэл моделиор ажиллаж, “Наран трейд” компанийн үнэртэн, гоо сайхныг сурталчилдаг. Тэрбээр “New face 2011” наадамд амжилттай оролцон, “Tulip” дэлгүүрийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.
-Чамайг хүмүүс загвар өмсөгч Э.Одгэрэлтэй их адилхан гэдэг юм билээ.
-Харин тийм ээ. Тэгж хэлэхээр эхэндээ их сонин, эвгүй санагддаг байсан. Одоо бол бараг хүн бүр тэгж хэлсээр дасчихаж. Алдартай модельтой адилхан гэгдэх нь дөнгөж эхэлж буй миний хувьд сайнаар нөлөөлж болох л юм. Гэхдээ би Солонго гэдэг том ертөнцийг бий болгох, ө ө р и й н х ө ө дүр төрхийг х а р у у л а х ы г хүсэж байна.
-Зарим хүн алхаа гишгээгээ засах, өөртөө итгэлтэй болох гээд л янз бүрийн шалтгаанаар загварын дугуйланд ордог юм билээ. Чиний хувьд ямар зорилготой элссэн бэ?
-Загвар өмсөгч болно гэдэг миний мөрөөдөл. “Эра” төвд өнгөрсөн жилээс хичээллэж эхэлсэн нь мөрөөдлөө биелүүлэх анхны алхам маань байсан.
-Өнгөрсөн намар болсон “New face” наадамд “Tulip” брэндийн нэрэмжит шагнал авсан. Анхны алхмаа амжилттай тавьжээ.
-Тийм ээ. Энэ жилийн “New face” бол оролцсон анхны тэмцээн маань байсан. Одоо “Эра” төвийн бэлтгэл модель, “Наран трейд”-ийн үнэртэн, гоо сайхны сурталчилгаанд ажиллаж байна.
-Төгсөөд ямар мэргэжил эзэмших вэ?
-Би одоо ахлах ангид сурдаг. Сургуулиа төгсөөд хэлний чиглэлээр сурна гэж бодож байна даа. Гэхдээ өөр мэргэжил эзэмшсэн ч загвараа хэзээ ч орхихгүй.
-Тэмцээнд орсноос хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн тал ажиглагдав уу?
-Үгүй дээ. Жаахан завгүй болсноос өөрөөр юу ч өөрчлөгдөөгүй.
-Чөлөөт цагаараа юу хийж байна?
-Найзуудтайгаа хамт байна, заримдаа дүүгээ харна. Дүү маань одоо гурван настай.
-Анх тайзан дээр алхсан үеэ дурсана уу.
-Өвдөг чичрээд л их сандарсан. Тайзан дээр яаж гарч алхсанаа ч анзаараагүй шүү. Одоо бол сандрахаа больсон. Гэсэн ч цаана нь сурах зүйл олон байгаа.
-Загвар өмсөх болсноор чи юу олж авсан бэ?
-Хамгийн чухал нь мөрөөдлөө биелүүлэх нэг алхам болсон. Өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй болж, биеэ авч явах соёл, зөв харилцааг сурсан болов уу.
-Тайзан дээр алхах, зураг авахуулахын аль нь чамд хэцүү байдаг бол?
-Янз бүрийн дүрд хувиран, олон төрлийн байрлалаар зогсон зураг авахуулах нь хааяа хэцүү санагддаг юм. Загвар өмсөгч хүн тайзан дээр ч, зураг авалтын өрөөнд ч тухайн хувцас, бараа бүтээгдэхүүнээ илэрхийлэн өөрчлөгддөг болохоор нэг бодлын жүжигчид ч юм шиг ээ.
-Өөрийгөө хэр сайн жүжигчин гэж дүгнэх вэ?
-Ажлаа хийж байхдаа сайн жүжигчин байхыг хичээдэг юм. Харин амьдрал дээр хоёр нүүртэй байж, олон ааш гаргахгүйг боддог. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг шүү дээ.
Б.ЭГШИГЛЭН