Кантри хэв маягийн кинонуудын зураг авахуулахаар АНУ-ын муж бүрээр, Авст рали, Хойд Америкаар шувуу шиг нүүдэллэн амьдарч ирсэн Николийн амьдралын хэмнэл нь кантри дуучин Кэйт Урбантай гэрлэж, Сандей Рөүз гэх хөөрхөн охинтой болсноор арайхийн өөрчлөгдсөн.
“Суурин амьдрал надад таалагдаж байгаа” хэмээн өгүүлэх тэрбээр Опрагийн шоунд оролцож, хувийн амьдрал, гэрлэлт, гэр бүлийнхээ тухай анх удаа дэлгэрэнгүй ярьж байгаа нь энэ. Тэднийг Холливудын хамгийн үлгэр жишээ хосуудын нэг хэмээдэг. Тиймдээ ч Опрагийн эл нэвтрүүлэг үзэгчдийн дунд шуугиан дэгдээж, багагүй амжилт олсон байна.
ДУР БУЛААМ КАНТРИ ОД КЭЙТ УРБАН
Кэйтийн гайхалтай авьяас, дур булаам төрх нь кантри хөгжмийн урсгалын томоохон төлөө лөгч, дэлхийд алдартай од болоход нө- лөөлсөн хэмээдэг. Австралийн Куинсландад төрж, өссөн түүний авьяас бүр жаахан байхад нь илэрсэн гэдэг. Зургаан настайдаа гитар барин, хөгжим тоглох гэж оролдох болсон түүний рок од болох замнал эндээс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. 1992 онд Нэшвилл рүү нүүхээсээ өмнө тэр Австралийн хөгжмийн ертөнцөд дөрвөн ч дуугаараа тэсрэлт хийгээд амжсан байв. Үүнээс хойш Австрали төдийгүй Америкийн хөгжим сонирхогч, судлаач, шүүмжлэгчид ч түүнийг анхааралдаа авчээ.
Тэр өнгөрсөн хугацаанд 11 хит дуу зохиож, “Грэмми”-ийн шагналыг гур вантаа хүртэж, кантри дуучдын хүртэх ёстой бүх шагналыг хамсан байна. 2005 он түүний хувьд уран бүтээлийн ургац арвинтайгаас гадна хувийн амьдрал нь ч багагүй өсөлт дэвшилтэй жил болсон. Хайр дурлалдаа ум ба сан тэрбээр дараа жил нь болзоот бүсгүй Николь Кидмантайгаа гэрлэсэн юм. Гэхдээ Кэйтийн амьдрал үргэлж ийм дардан байсан гэвэл эндүүрэл. Тэр Никольтой гэрлэснээс хэдхэн сарын дараа л бэрхшээлтэй нүүр тулсан тухайгаа дурссан юм.

Согтууруулах ундаа, хар тамхины асуудал түүний амьдралыг бүхэлд нь хөмөрчих дөхжээ. Энэ тухайгаа тэр “Би сонголт хийх хэрэгтэй болсон. Ганц удаагийн сонголт ирээдүйг минь тэр чигт нь шийдэх байсан тул би энэ удаа их хариуцлагатай хандах ёстой болсон.
Үүнээс өмнө би хэд хэдэн удаа салаа замын уулзварт зогсчихоод шийдвэр гаргаж байсан бөгөөд дандаа л буруу замыг сонгочихдог байв” хэмээхэд нь Опра түүний яриаг тасалж “Харин тухайн үед сонголтоо зөв хийхэд танд юу нөлөөлсөн бэ” гэж асуулаа. Хариуд нь Кэйт “Хайр” гэх ганц л үг хэлсэн юм. Энэ удаад хорт зуршлаасаа татгалзахгүй л бол алдаагаа дахин давтана гэдгээ сайтар ойлгож.
Тиймээс “Хэдийгээр би аялал, эрсдэлд дуртай ч одоо аяллын цаг дууссан. Эрсдэлтэй алхам хийх цаг нь биш” гэж бодсон гэдэг. Энэ тухайгаа тэр “Хэчнээн зөв алхам хийгээд ч дүүргэж чадахааргүй том нүх амьдралд минь үүсчихээд байгаа мэт санагдаж билээ” хэмээн дурссан.
“Шийдвэр гаргахаар өөртэйгөө тэмцэж байсан тэр үед Николь дотнын хэдэн найзуудыг минь гэртээ урьж, бяцхан үдэшлэг зохиосон нь надад олон зүйлийн тухай эргэцүүлэн бодох сэдэл төрүүлсэн. Тэр үед л бид салшгүй холбоотой хүмүүс гэх бодол төрж, муу зуршлуудаа хаяхаар эргэлт буцалтгүй шийдсэн” хэмээн тэр амьдралаа хэрхэн аварсан тухайгаа ярихаа ч мартсангүй.
Үнэхээр ч энэ шийдвэрийг гаргаснаас хэдэн жилийн дараа тэдний харилцаа улам л бат бөх болж, Холливудын үлгэр жишээ хосын нэг хэмээн үнэлэгдэхэд хүргэсэн. Архи, мансууруулах бодисоос зугтах тийм ч амархан байгаагүй гэдэг. Эмчилгээ эхэлснээс хойш тэр цөөнгүй шөнө биеэ барьж тэсэлгүй, араатан шиг авирлан “Би юу ч хийхийг хүсэхгүй байна” хэмээн хашгичдаг байж.
Үүнийгээ тэр “Тухайн үед бусад зүйлийг анхаарах сөхөөгүй байсан” хэмээн тайлбарласан. Өөртэйгөө тэмцэж байх тэр үед юу хамгийн их үгүйлэгдэж байсныг тэр ухаарсан тухайгаа “Намайг өөрөөс минь илүү нэг хүч удирдаж байх шиг санагдсан. Тэр хүчийг хүн бүр өөрийнхөөрөө тодорхойлох байх.
Зарим нь бурхан гэж ч нэрлэдэг. Харин би түүнийг хайр дурлал гэдэгт итгэдэг. Намайг далдаас удирдаж, зөв зүгт чиглүүлж байсан зүйл бол хайр. Бас миний амьдралд хамгийн их үгүйлэгдэж байсан зүйл бол хайр. Өөрийгөө ч хайрладаггүй байснаа би тэгэхэд л анзаарсан” хэмээн ярьсан.
Өөрийгөө хайрлаж сурсан нь Кэйтэд бусдыг хайрлах ухааныг ч сургаж. “Хэрэв би өөрийгөө хайрлаж сураагүй бол бусдыг огт хайрлахгүй байсан. Одоо эргээд бодоход Ник л надад энэ бүхнийг зааж, амьдралд минь гэрэл гэгээ нэмэн, нүдийг нь минь нээсэн” хэмээн тэр онцолж байлаа.
Тэд дотносоод удаагүй байхдаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг байж. “Сандал дээр сууж, элдвийг ярилцах зуур би түүнээс “Чиний сэтгэл ямар байна даа” гэж асууж билээ. Яагаад тийм хачин асуулт тавьж, ямар хариу хүлээж байснаа би одоо ч ойлгодоггүй юм. Тэр ч байтугай өмнө нь хэнээс ч тийм хачин зүйл асууж байгаагүй. Харин тэр огтхон ч гайхаж, эргэлзэлгүй “Зүрх сэтгэл минь нээлттэй байна” гэж хариулж билээ.
Түүний хэлсэн ухаалаг, сэтгэл татам үгсийн жаахан хэсэг нь л энэ. Энэ гайхалтай хариултын ачаар би одоо болтол байсхийгээд л “Би зүрх сэтгэлээ бүрэн нээж чадаж байна уу. Эсвэл би дотроо элдэв зүйл бодож, муу санаа агуулаад байна уу. Хэрэв тийм бол яагаад” гэж асуулт өөрөөсөө асуудаг” хэмээн Кэйт өгүүлсэн. Хайрлаж дурлаж үзсэн, хаягдаж зүрх нь шархалж байсан хүмүүс дахин хайрлах ямар хэцүү болохыг мэдэх байх. Энэ л шалтгаан Кэйтийг цаг үргэлж түгшээдэг байж. Тиймээс ч өнгөрсөн таагүй дурсамжаа сөхөж, сэтгэл зүрхээ бүрэн нээж чадахгүй байсан гэдэг. Энэ тухайгаа тэр “Би зөв хүнтэй учирч чадсан уу?
Би сайн хүн байж чадаж байгаа болов уу” гэсэн бодол ээрч, Никт сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадахгүй байв. Өнгөрсөндөө амьдарсаар байсан намайг айдас түгшүүрээс өөр юу ч дагахгүй байлаа” гэв. Түүнийг яриагаа хэсэг завсарламагц Опра тэднийг “Холливудын энгийн гэр бүлүүдтэй адилгүй, бурхны ивээлээр тэтгэгдсэн, хамгийн сайхан хос” гэж боддогоо хэлж, анх танилцсан түүхийг нь сонирхлоо.
Тэд Лос-Анжелес хотноо зохиодог “G'Day L.A.” арга хэмжээний үеэр танилцжээ. Хувцас солих өрөөнд хөвөх мэт явж байгаа Николийг хармагцаа л Кэйт дурлажээ. Тэгээд л түүнтэй ярилцах боломж гармагц өөрийгөө танилцуулж. “Намайг өөрийгөө танилцуулах үед тэр яриаг минь уриалгахан сонссон боловч түүний сэтгэлд нийцсэн эсэхээ би мэдэж чадаагүй. Намайг дараагийн удаад юун тухай ярихаа олж ядан будилж байтал Ник “Тантай танилцсандаа баяртай байна” гэж хэлээд л явчихсан” хэмээн тэр дурссан.
Хожим нь тэдэнд дахин уулзах боломжийг Кэйтийн дотнын найз олгожээ. Кантри ертөнцийн од “Дөрвөн жилийн турш архи хэтрүүлэн хэрэглэж, найман жилийн хугацаанд гурван ч удаа хар тамхины эмчилгээ хийлгэсэн амьдралыг минь Николь л аварсан” гэж ярих дуртай. Бас “Хэрэв намайг Николь орхиод явсан бол би түүнийг ойлгох байсан. Гэвч тэр миний дэргэдээс алхам ч холдоогүй” хэмээн “Оскар”-ын шагналт жүжигчин гэргийгээрээ бахархан ярих үгс байсхийгээд л түүний амнаас уначихдаг аж.
Ярилцлагын төгсгөлд тэрбээр Никольд хандаж “Би цаашид ч өвдөг дээрээ сөгдөн бидний хайрыг ивээхийг бурхнаас гуйсаар байх болно. Бурхан ивээсэн энэ сайхан гэр бүл минь л намайг аливаа зүйлд олон талаас нь ханддаг, бусдад зүрх сэтгэлээ нээдэг болгон өөрчилсөн.
Тиймээс би тэднийхээ төлөө илүү сайн эр хүн, сайн нөхөр, сайн аав болохыг хүсэж байна. Үдэш бүр өөрсдийнхөө тухай бодохдоо надаас илүү чамайг минь хайрлах хүн үгүй гэдгийг ойлгодог. Бидний амьдралд баримтлах хамгийн чухал зарчим бол хэзээд бие биедээ итгэх юм шүү” хэмээлээ.
НИКОЛЬ КИДМАНЫ НУУЦЛАГ ДОТООД ЕРТӨНЦ
Байгаль эхийн төлөө тэмцэгч, “Оскар”-ын шагнал хүртсэн хамгийн дур булаам хатагтай гэвэл гарцаагүй Николь Кидманы дүр санаанд тань буух биз ээ. Түүнийг “Австрали”, “Цаг” бүтээлүүдээрээ Кино академийн шилдэг эмэгтэй жүжигчин хэмээн хүндтэй шагналыг хүртсэн тэрбээр улаан хивснээ алхаж, зураг авахуулаагүй үедээ Нэшвилл дэх гэртээ сайн гэрийн эзэгтэйн хэв маягаар амьдрах болсоор цөөнгүй жилийг ардаа үдсэн. “Кэйтийг хайрлах хамгийн том шалтгаан бол тэр зөвхөн хайртай гэдгээ үгээрээ илэрхийлээд зогсохгүй, үйл хөдлөлөөрөө ч баталдаг.
Гэрлэлт гэдэг миний бодлоор ямар ч бэрхшээл тохиосон өдөр бүр амьдралаа сайн сайхан болгох гэж тэмцэхийг хэлэх болов уу” хэмээн өөрийн бодол, дотоод ертөнцөө илэн далангуй илэрхийлсэн яриагаар тэр ярилцлагаа эхэлсэн. Мөн тэр “Теннеси бол амьдрахад хамгийн тохиромжтой газар гэдгийг би саяхнаас ойлгох болсон. Энд би дуртай үедээ гадагшаа гарч, зугаалж ч болно. Зарим хүн тансаг хэрэглээг эрхэмлэдэг байхад зарим нь үл ойшоодог. Кэйт бид хоёр нам гүм, тайван амьдралыг илүүд үздэг.
Тиймээс Нэшвиллд амьдрах нь бидэнд таалагддаг” гэв. Харин охиноо яагаад Сандей Рөүз гэж нэрлэсэн тухай нь асуухад “Надад хоёр хэсэгтэй нэр таалагддаг. Гэхдээ бид охиноо Санни гэж дууддаг” хэмээн хариулсан. Их дэлгүүр, зураг авахуулах талбай гээд Николь хаана ч явсан охиноо дэргэдээ байлгах дуртай гэнэ. Тиймээс хамгийн дуртай каппучиногоо уухаар явахдаа ч охиноо гараасаа салгадаггүй гэнэ. Хачирхайлтай нь кофены сонголтын хувьд ээж, охин хоёрынх ижилхэн. Кафед очиж, захиалга өгөх үеэр бяцхан Санни өөртөө ч бас нэг каппучино захиалахаа мартдаггүй гэнэ. Харин тэр үед Николь сандран “Үгүй, үгүй, охин минь кофе уухгүй” хэмээн залруулдаг байна. Тэдний хамтдаа хийдэг олон зүйлсийн нэг нь усанд орох.
“Хөөстэй усанд бяцхан мөрөө ил гарган суух охиноо харах ямар өхөөрдөм гээч” хэмээн тэр уулга алдлаа. Гэхдээ түүний дуу алдан сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь үүгээр дууссангүй. Продюссерээр нь ажилласан “Туулайн нүх” киног нь Опра магтаж, “Энэ бүтээлээрээ “Оскар”-ын шагнал авна гэдэгт эргэлзэхгүй байна шүү” гэхэд “Бурхан минь, Опра та миний киног үзсэн юм уу” хэмээн сэтгэл хөдлөлөө нуулгүй гаргасан.
Хайр, гэр бүл, үхлээс ч илүүг өгүүлэх киноныхоо тухай тэр “Би кинондоо эцэг эхийн хайр халамжийн тухай гаргахыг зорьсон. Дэндүү сэтгэл хөдлөл ихтэй санагдах мэт боловч итгэл найдвар гэдэг ямар хүчтэй зүйл байдгийг харуулахыг хүссэн юм. Киног минь үзсэн хүн бүр гэр бүлийн амьдралд хэрхэн хандаж байгаа талаараа эргэцүүлэн бодоосой гэж хүссэн” гэв.
О.Ундармаа