Сартай шөнө нэгэн залуу усан дээр сүндэрлэсэн Венец хотын гудамж сүлжин завиа сэлүүрдсээр болзоот бүсгүйнхээ цонхон дор ирлээ. Тэрбээр гунигт дурлалын тухай дуулна. Энэ бол Германы кино найруулагч Эрнест Любихийн “Диваажин дахь зовлон” бүтээлийн хэсэг. Дуурийн эх орон Италийн үзэсгэлэнт хот Венецийг би тэрхүү киногоор төсөөлдөг. Тэгвэл ДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн бямба гаригт “Венецийн үдэш” тоглолт болж, Венец хотын тухай төсөөлөл маань өөр өнцгөөс баяжлаа.
Яруу тансаг, сэтгэл татам, үлгэрийн мэт хотын төрх. Италийн Венецийн кон серваторийн профессор, удирдаач Роберто Сальвалаио Монголд гурав дахь удаагаа айлчлан, эл тоглолтыг удирдсан юм. Тэрбээр нутаг нэгт дуучин Париде Пандолфогийн хамт ирсэн бөгөөд Ж.Россини, Е.Лекуона, Д.Нарделла, Ж.Верди, А.Пиазолла нарын итали хөгжмийн зохиолчийн бүтээлээс сонор дуулсан юм. “Итали бол дуурийн эх орон. Тэр дундаа Венец бол алдарт А.Вивалди, И.Киера, Г.Каса нарын өлгий нутаг. Тиймээс би монгол үзэгчдэд тэрхүү гайхамшигт өв сангаас хүргэхийг зорьсон.
Өмнө нь Монголын симфони найрал хөгжимтэй хамтран ажиллахад хөрвөж чаддаг, шинэ найруулга, дэглэлтийг хурдан сурдгийг нь мэдсэн. Тиймээс энэ тайзан дээр өмнө нь эгшиглэж байгаагүй бүтээ лүүдийг найруулан тавьсан ч хөгжимчдийн чадварт итгэлтэй байлаа” хэмээн удирдаач ярьсан юм. Тэрбээр Монголд хоёр ирэх дээ Ж.Пуччинийн “Чио чио сан”, “Богема”, Ж.Вердийн “Травиата”, “Трубадур” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг удирдсан. “Итали удирдаач бидэнтэй хамтран ажиллаж буй нь хөгжимчдийн хувьд шинэ зүйл сурах боломж нээсэн.
Италийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг нутаг нэгтэн нь өөрийн дэг найруулгаар удирдсан нь сонсогчдод илүү хүртээмжтэй байсан болов уу” хэмээн ДБЭТ-ын флейтчин С.Нэргүй сэтгэгдлээ хуваалцлаа. Дуучин Париде Пандолфо “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг гавьяат жүжигчин М.Болд, Ц.Баттөр, Э.Амартүвшин, А.Сайнбилэг нартай хамтран дуулсан нь хүмүүст тун таалагдсан.
Үзэгчид суудлаасаа босож, нижигнэсэн алга ташилтаар тэднийг шагнав. Хоёр цаг орчим үргэлжилсэн “Венецийн үдэш” Төрийн шагналт Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжгийн вальсын аязаар жаргасан. Италийн уран бүтээлчид ирэх бямба гаригт Ж.Пуччинийн “Тоска” дуурийг удирдан, гоцолно.
Б.ЭГШИГ