Монголын урчуудын эвлэлийн хорооноос “Дөрвөн зүг, найман зовхист” үзэсгэлэнг энэ сарын 14-нөөс эхлэн долоо хоногийн турш зохион байгуулж, 70 гаруй уран бүтээлчийн 100-гаад бүтээлийг дэлгэлээ. Өнгөрсөн жил тус хорооны зураачид эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа зурсан судалбаруудыг багтаасан үзэсгэлэнгийн танхим хөлтэй байлаа.
Байгаль дэлхий өнгөө хоромхон зуур хэрхэн хувиргаж буйг эндээс харж болно. Үзэсгэлэнд арваад эмэгтэй зураач бүтээлээ дэлгэсний нэг нь З.Уянга. Түүний “Этюд”, “Цэцэгс” бүтээл содон тусаж байв. Залуу зураачдаас гадна байгалийн зургаар дагнадаг ахмад зураач Н.Осороо “Цагаан суварга” бүтээлээрээ Баянхонгор аймгаас ирж оролцжээ.
Цэцэгсийн дунд алхаж, цөлийн наранд “цохиулж”, эсвэл мөнх цастай уулын бэлд “очих”-ыг хүсвэл “Дөрвөн зүг, найман зовхист” үзэсгэлэнг зориорой.