Монголын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагд агсны нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын III уралдаан өнөөдөр ДБЭТ-т эхэллээ. Нийтийн болон мэргэжлийн дуу дуулаачдад зориулсан олон зуун шилдэг бүтээл туурвисан дууны их мастерын уран бүтээлийн давтагдашгүй өв сангаас залуу дуучдад эзэмшүүлж, тэдний дуулах ур чадварыг төгөлдөржүүлэх зорилготой уралдааныг Г.Дарамзагдын мэндэлсний 80 насны ойд зориулж буй.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад ДБЭТ, ҮДБЭЧ, ЦДБЭЧ, “Сүлд” чуулга, Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигон” чуулга, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр болон Буриадын “Байгаль”, Өвөрмон - голын “Амар сайн” чуулгын 27 уран бүтээлч оролцсон юм. Уралдааны шат бүрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын бүтээлүүдээс сонгож хоёрыг дуулах ёстой.
Нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцож буй сопрано хоолойтнууд “Болзоо”, “Тогтохоо болилоо”, “Эхчүүдээ” зэрэг дуунаас сонгон дуулсан бол тенорууд “Хилээс”, “Аргагүй чамдаа дурлажээ, би” дуунаас сонгосон юм. Г.Дарамзагдын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын III уралдааныг ардын жүжигчин П.Хаянхярваа, Х.Уртнасан, Д.Жаргалсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Наранбаатар, хөгжим судлаач Ч.Буянхишиг болон Д.Сэндэр, Г.Дарамзагд агсны зээ Н.НарОюу нар шүүж байна.
Энэ уралдааныг хамгийн анх соёлын тэргүүний ажилтан Д.Сэндэр санаачлан, УИХын гишүүн Д.Одбаяр дэмжиж Дорнод аймагт анх зохион байгуулсан аж. Хоёр өдөр үргэлжлэх уралдааны шагналтнуудын нэрийг энэ сарын 19-нд болох “Монголын сайхан орон” гала тоглолтын үеэр зарлах юм билээ. Түүнчлэн уралдааны үеэр ДБЭТ-т Г.Дарамзагд агсны 80 насны ойд зориулсан “Монголын сайхан орон” ном болон түүвэр дууны цомгийг танилцуулан худалдаж байсан юм. 400 гаруй дууны хөгжим бичсэн эрхмийн 108 бүтээлийг дээжлэн багтаасан уг номд хамтран ажиллаж байсан уран бүтээлч нөхдийнх нь дурсамж ярилцлага ч багтжээ.
Ж.СОЛОНГО