Оны шилдэг дуу тодруулах “Морин хуур -2010” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 14-15-нд ЦДБЭЧ-ын байранд болж өндөрлөлөө. Эхний шатнаас 22 дуу шалгараад байгаа. Одоогоор хөгжмийн зохиолч болон яруу найрагчдын нэрийг нууцалж буй юм билээ.
Түүнчлэн энэ жилээс “Морин хуур” наадам олны таашаалд нийцсэн нэг дууг л шалгаруулж Гранпри шагнал гардуулахаар болжээ. Эстрад, нийтийн, мэргэжлийн гэхчилэн ангилалгүй болсон учраас наадам илүү өрсөлдөөнтэй болох биз ээ.
Шилдгийг шалгаруулах тоглолт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд болно. Шилдгийн төлөө гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Аавдаа”, Б.Сарантуяагийн дуулсан “Амьдралаас урсах наран аялгуу”, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Ө.Уянга, Э.Төрмандах нарын хамтран дуулсан “Би монгол” зэрэг олны хүртээл болсон дуунууд өрсөлдөх аж. Дашрамд дуулгахад “Морин хуур” наадам 1987 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа билээ.
Ж.СЭЛЭНГЭ