Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тайзны хэлбэрээр нийтийн хүртээл болсон “Аида” дуурийг бүрэн эхээр нь тоглох бэлтгэл ажил эхэлжээ. Тайзны хэлбэрээр тавьсан тоглолтыг холбогдох албаны хүмүүс өндрөөр үнэлж дөрөвдүгээр сарын 30-ны дотор дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт дуурь тоглохыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн ДБЭТ энэ жил Аттила хааны тухай өгүүлсэн “Тэнгэрийн ташуур” түүхэн бүжгэн жүжиг тавьж байгаа бөгөөд зургадугаар сарын дундуур нээлтээ хийхээр төлөвлөжээ. Уг бүтээлийн хөгжмийг А.Батдэлгэр, цомнолыг ардын жүжигчин Б.Жамъяндагва бичсэн.
Аттила хаанд О.Ганцоож тоглож, Г.Батчимэг, Б.Саруул, Х.Мөнгөнхөлөг нар бусад дүрийг бүтээх аж. Шинээр тавьж буй дуурь болон бүжгэн жүжгийн тайзны зураачаар Г.Ганбаатар, Г.Оюун нар ажиллана.
Ж.СЭЛЭНГЭ