2010 оны онцлох үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа аргамжсан “Press photo- 2010” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийв. “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны сурвалжлагч Ц.Батбаатар тэргүүтэй найман уран бүтээлч өөр өөрийн өнцөг, мэдрэмжийн тусгал болгосон 150 гаруй гэрэл зургийг энд дэлгэжээ. Inet.mn сайтаас анх удаа зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч нь “Оюутолгой” ХК. Вирусийн эсрэг вакцин тариулахаас айж зогсоо жаалхүүгээс эхлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал, алтны “нинжа” нарын амьдрал, спортын салбарын дуулиан зэргийг багтаасан ардчилсан үзэсгэлэн болжээ гэж танхимд цугласан хүмүүс ярьж байлаа. Гэрэл зурагчин Ц.Батбаатартай цөөн хором ярилцлаа.
-Юуны түрүүнд баяр хүргэе. 2010 онд болсон үйл явдлыг бид энэ үзэсгэлэнгээс харлаа. Харин гэрэл зурагчны дуранд энэ он хэрхэн бууж байгаа талаар асууж болох уу?
-Болохгүйд нь л сонины гэрэл зургийн гол нууц байгаа юм. Үйл явдал, агшин гэдэг тэр болгон төлөвлөгөөгөөр явдаггүй. Энэ асуултын хариуг ирэх жилийн үзэсгэлэнгийн үеэр өгч чадах байх. (инээв)
-Таныхаар өнгөрсөн оны хам гийн содон үйл явдал юу байсан бэ?
-Бид үзэсгэлэнд дэлгэх зургуудыг сонгохын тулд хэдэн сарын турш архив шүүж, нарийн ангилсан. 400 гаруй зургаас сонгож, чухал гэснийг нь энд тавилаа. Тэгэхээр яг онож хэлэхэд бэрх ч H1N1, Ерөнхийлөгчийн айлчлал, улс төрийн томоохон үйл явдлуудыг онцолмоор байна.
-Та ямар аппаратаар анх зураг авч байсан бэ?
-Одоогоос 16 жилийн өмнө Төв аймгийн Аргалант сумын аж ахуйн гэрэл зурагчнаар ажиллаж байхдаа “Зенит Е5” аппарат барьдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд “Canon mark-III”-той найзалж байна даа. “Press photo-2010” үзэсгэлэн даваа гариг хүртэл үргэлжилнэ.
Ж.ТЭГШЭЭ