Залуу хөгжимчдийн ур чадварыг сорьдог олон улсын “Крешендо” уралдаан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо болж өндөрлөсөн. Тав дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаанд уран бүтээлчид өөрсдийн тоглолтын бичлэгээ урьдчилан илгээдэг уламжлалтай.
Энэ жил тус уралдаанд АНУ, Канад, Европын холбооны улсын 1000 гаруй хөгжимчин оролцсоноос Хөгжим бүжгийн коллежийн есдүгээр ангийн сурагч Б.Билгүүн хийлийн гоцлолоор тэргүүлжээ. Тэрбээр эхний шатнаас шалгарсныхаа дараа багш Б.Жаргал, концертмейстр Ч.Отгонцэцэг нарын хамт бэлтгэж, 400 орчим хөгжимчинтэй өрсөлдөн ийнхүү амжилтад хүрчээ.
Уралдаан зохион байгуулагчид түүнийг АНУ-д урьж нэгдүгээр сарын 9-нд Карнеги холлд болсон нэгдсэн тоглолтод оролцуулсан байна. Тэрбээр П.Сарасатегийн алдарт “Introdukcia tarantella” аялгууг тоглож сонирхуулаад өчигдөр эх орондоо иржээ.
С.СЭРГЭЛЭН