Сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт ирэх сарын 1-нд Төрийн ордны хүндэтгэлийн танхимд болно. 2005 онд ҮДБЭЧ-ын их найрлыг Төрийн их найрал хөгжим болгон албан ёсоор зарласан. Тиймээс энэ удаагийн “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтын хөтөлбөрт ихэвчлэн Төрийн их найрлын уран бүтээл багтах юм билээ.
Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, удирдаач Р.Ганбат нарын удирдлагаар “Монголын сайхан орон”, “Энх мэндийн баяр”, “Бурхан Халдун уулнаа”, “Сэрсэн тал”, “Тайгад дуурсах хэнгэргийн дуу”, “Алтайн сарьдаг уулс”, “Хүслийн төвөргөөн” зэрэг аялгууг эгшиглүүлэх аж.
Түүнчлэн энэ тоглолтод ардын жүжигчин А.Нэргүй, Д.Самбуу, гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Б.Сийлэгмаа болон Д.Амаржаргал, Б.Батмэнд, Н.Амгалан, хөөмийч О.Чулуунбаатар, Ц.Цогтгэрэл нар оролцож ая дуугаа өргөнө.
Ж.СОЛОНГО