Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2010” наадам баасан гаригийн үдэш СТӨ- нд боллоо. 24 дэх удаагийн ёслолын зохион байгуулалтыг сайжруулж, олны таашаалд нийцүүлэх зорилгоор улаан хивсний ёслол хийсэн юм. Товлосон цагаасаа цаг гаруй хоцорсон “Морин хуур-2010” наадам цомхон ёслолоор Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт Б.Шарав болон “Морин хуур” наадмын хоёрын даваанд өрсөлдөж буй хөгжмийн зохиолчдоо угтсан.
Эхний шалгаруулалтад 70 гаруй хөгжмийн зохиолч бүтээлээ ирүүлснээс энэ үдэш 22 дууг сонсгон шилдгийг шалгарууллаа. Өнгөрсөн жилүүдэд нийтийн болон мэргэжлийн дууны ангиллаар шилдгүүдийг шалгаруулсан наадам энэ удаа шилдэг 10 дууг тодруулж, нэгд нь гран при шагнал олгодог болон өөрчлөгдөв. Энэ наадмын гран при шагналыг хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал “Ижий дэлхийн өчил” бүтээлээрээ хүртэж, Д.Цэцэрлэг “Түвшин баяртай яваарай”, С.Тараа “Амьдрал”, С.Мөнхбат “Хундаганы дуу”, Г.Жаргалсайхан “Нутгийн чинь уулс чамайг хүлээнэ”, Г.Энхбаяр “Хүүхэд гэдэг дэлхийн хайр”, С.Ганчимэг “Амьдралаас урсах наран аялгуу”, Б.Бямбабаяр “Идэр их мөрөн”, Ч.Сангидорж “Монгол минь ганцхан”, Ц.Эрдэнэбат “Ижий улирал” дуугаараа шилдэг бүтээлийн шагнал гардлаа.
Ж.СОЛОНГО