Орос гаралтай америк зохиолч Владимир Набоков “Лолита”, “Пнин”, “Ада буюу гал халуун хүсэл” бүтээлээрээ дэлхийн уран зохиолын түүхэнд мөнхөрсөн билээ. Тэгвэл түүний нэр амьтан судлалын салбарт ч дуурсагджээ. В.Набоков эрвээхэй цуглуулах, судлах хообийтой байсан. Тэрбээр Америк тивд элбэг байдаг Polyommatus blues зүйлийн эрвээхэйг Сибириэс гаралтай гэдгийг тогтоосон ч тухайн үед эрдэмтэд тоогоогүй аж.
Тэгвэл Их Британийн “Royal” нийгэмлэгийн эрдэмтэд тэрхүү зүйлийн эрвээхэй ДНХ-ийн бүтцийг судалснаар В.Набоковын зөв байсныг тогтоожээ. Polyommatus blues зүйлийн эрвээхэй Аляск, Сибириэс Америк тив рүү нүүдэллэсэн хэмээн тэд мэдээлсэн байна.
Дашрамд дурдахад, В.Набоковын хатаасан эрвээхэйн цуглуулга Харвардын их сургуулийн амьтны музей болон Санкт-Петербургт оршдог зохиолчийн гэр музейд хадгалагддаг аж.